Зарим тусгай зөвшөөрлийг ТББ-ууд олгож байгааг шүүмжлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-17 13:09:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хоёр хуулийн төслийг хэлэлцлээ.


Тодруулбал, Засгийн газраас өнгөрсөн сарын 30-нд өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн өнгөрсөн сарын 29-нд мөн Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд буй юм.


Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Уг хуулийг төрийн албаны хүнд суртлыг багасгах, аж ахуйн үйл ажиллагааг дэмжих зорилгоор боловсруулсан байна. Хуулийн төсөлд зөвшөөрөл, түүний ангилал, бүртгэл, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд болон зөвшөөрөл эзэмшигчид тавих нийтлэг шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, зөвшөөрөл олгох, хугацаа сунгах, түдгэлзүүлэх, цуцлах, хүчингүй болгох үндэслэлийг нарийвчлан тусгасан байна.


Харин УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд, Монгол Улсад эрхлэхийг хориглосон болон зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааны чиглэл, төрлийг нарийвчлан заажээ. Мөн зөвшөөрөл олгох, сунгах ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулах зохицуулалт тусгасан байгааг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.


Улсын хэмжээнд одоогоор аж ахуйн нэгжийн ажиллаж эхлэхээс эхлээд нийт 1300 орчим зөвшөөрөл олгож буй юм. Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогтын өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгай зөвшөөрлийг багцлан 448 болгон бууруулахаар тусгасан байна.


Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Батнасан одоо зарим тусгай зөвшөөрөл олгох эрхийг ТББ-уудад олгож байгааг шүүмжлэв. Тэрбээр, “Төр тусгай зөвшөөрлөө олгож, аж ахуйн нэгжүүдээ хянахгүй бол төрийн байгууллага байх шаардлага байхгүй” гэв.


Монгол Улсад хуулиар хориглоогүй бусад бүх үйл ажиллагаа эрхлэх нь иргэн, аж ахуйн нэгжийн эрх юм. Зөвшөөрлийн тухай хуулийн төслөөр хар тамхи, мансууруулах бодис үйлдвэрлэх, борлуулах, казино, аюултай хог хаягдал, үй олноор хөнөөх зэвсэг үйлдвэрлэх, санхүүжүүлэх, биеэ үнэлэх зэрэг есөн үйл ажиллагааг хориглосон. Харин бусад бүх үйл ажиллагаа нээлттэй гэдгийг С.Бямбацогт гишүүн хэллээ. Мөн төрийн байгууллага энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийг 5 хоног, тусгай зөвшөөрлийг 10 хоногт багтаан шийдвэрлэх зохицуулалт тусгажээ.


Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тусгай зөвшөөрлийг дагасан авлигалын гэмт хэрэг, хүнд суртлыг арилгахад анхаарах шаардлага тулгарч буйг онцлов. Мөн тэрбээр, “Төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүдийн компани төрийн худалдан авах ажиллагаанд оролцдоггүй байх хуулийн төсөл боловсруулахаар төлөвлөж байна” хэмээсэн юм.


Ингээд санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн С.Бямбацогт гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Харин Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх саналыг 15.00 цагт хураахаар тогтсоноор чуулган түр завсарлав.

Связанные новости