Үндэсний наадамд зөвхөн монгол адууг уралдуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо/МҮМУУХ/-ноос өнөөдөр /2019.05.10/ хэвлэлийн бага хурал хийж, холбооныхоо баримтлах чиглэл, үйл ажиллагааны талаар танилцууллаа.
“Монгол ньюс” мэдээллийн төвд болсон тус хуралд МҮМУУХ-ны ерөнхийлөгч Ж.Гомбожав болон М.Ариунболд, Ц.Дуламсүрэн нарын гишүүн оролцов. Энэ оны дөрөвдүгээр сарын 27-нд МҮМУУХ-ны анхдугаар хурал болж холбооны анхны ерөнхийлөгчөөр Ардын Их Хурлын дарга асан, “Монгол адуу” нийгэмлэгийг үүсгэн байгуулагч Ж.Гомбожавыг сонгосон юм. Тус шинэ холбооны гол зорилго нь монгол адуугаа цэврээр нь хадгалж үлдээхэд анхаарах ажээ.
Улсын баяр наадам, Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулж буй улсын болон бүсийн наадамд монгол, эрлийз адууг ялгалгүй уралдуулснаар олны дунд маргаан үүсгэх болсон билээ. Харин улсын чанартай наадамд зөвхөн монгол адууг уралдуулснаар уяачид шударга наадах боломж бүрдэнэ. Иймд уралдах морьдыг ялгах, үүлдэр тогтоох комиссыг байнгын ажиллагаатай болгож, морьдыг баримтжуулах бүртгэлийн ажлыг нээлтэй хяналтын дор хийхээр төлөвлөжээ.
Мөн морин тойруулгатай болох ажлыг бусад холбоотойгоо хамтран хийх болсноо мэдээлэв. Нэг наадамд эрлийз гэж ороод, нөгөөд нь монгол адуу гэж давхидаг явдлыг цэгцлэхээ МҮМУУХ-ноос мэдэгдсэн. Уяачид, малчдаас гадна адууны чиглэлээр мэргэшсэн эрдэмтдийг тус холбоо эгнээндээ нэгтгэжээ.
Одоогийн байдлаар, тус холбооны тэргүүлэгчдийн тоог 108 байхаар тогтоосон бөгөөд 46 нь сонгогджээ. Энэ сард болон зургадугаар сард МҮТУУХ-ны дараагийн хурлаа хийхээр зэхэж байгаа аж.