Абэ, Трамп нар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-05-07 09:46:19

ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар даваа гарагт утсаар ярьж, БНАСАУ-ын саяхан явуулсан туршилтын талаар санал бодлоо солилцжээ.


Ш.Абэ утсаар ярьсны дараа сэтгүүлчдэд мэдээлэхдээ, хоёр орны удирдагчид ерөнхийдөө БНАСАУ-ын талаар, ялангуяа өнгөрсөн бямба гарагт явуулсан туршилтынх нь талаар  хэлэлцсэн гэжээ. Түүнчлэн БНАСАУ юугаар гал нээснийг тогтоох чиглэлд Япон, АНУ-ын мэргэжилтнүүд хамтран ажиллахаар болсон байна.


Өнгөрсөн онд болсон Ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын дээд хэмжээний уулзалтаар талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулна хэмээн тохиролцсоныг Ш.Абэ онцлон тэмдэглэсэн байна. Мөн тэрбээр, АНУ-БНАСАУ-ын хэлэлцээрийг хурдан хугацаанд хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.


БНАСАУ-д хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг зохицуулах зорилгоор Ким Жөн Унтай ямар нэг урьдчилсан нөхцөлгүйгээр уулзах хүсэлтэй байгаа гэж Японы Ерөнхий сайд нэмж хэлсэн байна.


"Ш.Абэтэй БНАСАУ болон худалдааны асуудлаар хэлэлцсэн" гэж Д.Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдээд, уг харилцан яриаг “маш сайн” болсон хэмээн тэмдэглэжээ. 

Связанные новости