Эрчим хүчний салбар анх удаа ашигтай ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-24 16:02:28

Эрчим хүчний салбар өнгөрсөн онд анх удаа алдагдалгүй ажиллаж, 3.09 тэрбум төгрөгийн орлого олсон талаар Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ) 2015 оны тайландаа дурьджээ.

Өнөөдөр тус хорооноос эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн төлөөлөлд 2015 онд хийсэн ажлаа танилцуулсан юм.

Эрчим хүчний салбар 2014 оноос өмнө 77 тэрбум төгрөг хүртэлх төгрөгийн алдагдалтай ажилладаг байжээ. Үүнийг бууруулах зорилгоор ЭХЗХ-ноос үнэ тарифын зөв зохицуулалт хийснээр алдагдалгүй ажиллаж чаджээ. Тарифын зохицуулалт хийхдээ иргэдэд хүндэр учруулахгүйн тулд эрчим хүчний үнийг ердөө 3 хувиар нэмсэн хэмээн ЭХЗХ-ны дарга С.Отгонбаяр тайлангийн үеэр онцлов.

Тэрбээр, “Цаашдаа энэ амжилтаа баталгаажуулж, орлогыг нэмэгдүүлхэд анхаарна. Үүний тулд үргүй зардлыг багасгах хэрэгтэй. Тухайлбал, дулааны цахилгаан станцуудын техник тоног төхөөрөмжийг сайжруулах, үр ашиггүй, илүүдэл орон тоог цомхотгох ажлыг үргэлжлүүлнэ. Харин эрчим хүчний үнийг нэмэхгүй” хэмээв.

Сүүлийн жилүүдэд сэргээгдэх буюу нар, салхи, усан цахилгаан станц байгуулах асуудал чухлаар тавигдах болсон. Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авах сонирхолтой аж ахуйн нэгж ч нэмэгдэж байна. Өнгөрсөн онд нийт 280 мВт эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгосон. Цаашдаа энэ чиглэлд түлхүү анхаарч, хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа сэргээгдэх эрчим хүчээр хангадаг болох зорилт тавьж байгаа аж. Төрий зүгээс ч энэ чиглэлд анхаарч сэргээгдэх эрчим хүчний салбарын хууль эрхзүйн орчинг бүрдүүлсэн. Мөн сэргээгдэх эрчим хүч ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдэд үнийн хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан нь ч энэ салбарыг хөгжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлж байгааг ЭХЗХ-ноос мэдээлэв.

Дотоодын эрчим хүчний эх үүсвэрүүдийн хүчин чадлыг өргөтгөх бүтээн байгуулалтын төслүүдийн үр дүнд ОХУ болон БНХАУ-аас өндөр үнээр авдаг эрчим хүчний импортын хэмжээг бууруулж, дотоодын үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэл нэмэгдсэнээр эрчим хүчний импорт 120 сая кВт цаг буюу 18 тэрбум төгрөгөөр буурчээ.

Мөн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар хот болон төвийн бүсийн 14 аймгийн гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны эрчим хүчийн үнийг 50 хувиар бууруулах шийдвэр гаргаснаар нийт 150 мянга гаруй өрх жилд 5.2 тэрбум төгрөгийн эрчим хүчний хөнгөлөлт эдэлжээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Связанные новости