Монгол, Туркменистаны ГХЯ-ны зөвлөлдөх уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-04-19 13:56:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Туркменистаны ГХЯ-ны хоёрдугаар зөвлөлдөх уулзалт энэ сарын 18-нд Ашхабад хотноо болов.


Уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Туркменистаны талаас Гадаад хэргийн дэд сайд В.С.Хаджиев нар ахалж, хоёр орны харилцааны талаар дэлгэрэнгүй санал солилцов. Талууд улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, хүмүүнлэгийн зэрэг өргөн салбарт Монгол, Туркменистаны харилцааг хөгжүүлэх боломж байгаад санал нэгдэв.


Туркменистаны Гадаад хэргийн дэд сайд В.С.Хаджиев “Харилцаа, хамтын ажиллагааг улс төр болон худалдаа, эдийн засгийн салбарт хөгжүүлэхэд хоёр тал идэвхтэй ажиллах хэрэгтэй байна. Бид Зүүн Азийн улс орнуудтай харилцаагаа идэвхжүүлж байна. Энэ өдрүүдэд БНСУ-ын Ерөнхийлөгч манай улсад айлчилж байгаа нь үүний нэг нотолгоо юм. Манай улсын Гадаад хэргийн сайд Р.Мередов Монгол Улсад 2015 онд айлчилсан. Монгол Улсаас төрийн тэргүүн, Гадаад хэргийн сайдын түвшинд манай улсад айлчлал  хийгээсэй хэмээн хүсэж байна. Түүнчлэн Монголын бизнес эрхлэгчид, түүний дотор мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг манай улсад ирж ажиллахыг урьж байна” гэв.


Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистан Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байна гээд цаашид ГХЯ-дын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулахын сацуу хөдөө аж ахуй, эрчим хүч, зам тээвэр, логистикийн чиглэлээр экспертүүдийг холбох  ярилцах нь зүйтэй хэмээв.


Туркменистан Улс төвийг сахих бодлого баримтлахын сацуу бүс нутгийн улс орнуудтай эдийн засгийн олон төсөл хэрэгжүүлж байгаагаас гадна НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд эрчим хүч, ус, экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах санаачилга дэвшүүлэн ажиллаж байгаа талаар Туркменистаны Гадаад хэргийн дэд сайд В.С.Хаджиев дэлгэрэнгүй танилцуулав.

Связанные новости