"Юнайтэд Монголиа" Монголыг дэлхийд таниулах цонх болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-03-23 14:43:32

Монгол Улсыг болон Монголын Үндэсний компаниуд, аж ахуйн нэгжүүдийг дэлхийн  дахинд сурталчлан таниулах, гадаадын компаниудтай холбох, хөрөнгө оруулагчдыг татах том зорилгыг өвөрлөсөн “Websoft Mongolia” компанийн залуус “Юнайтэд Монголиа” буюу “Нэгдсэн Монгол” төслийг эхлүүлж, www.unitedmongolia.com цахим сайтыг өнөөдрөөс албан ёсоор нээлээ.

Олон улсын оюуны өмчийн байгууллагад албан ёсоор бүртгэлтэй гэдгээрээ бусад цахим сайтуудаас ялгарч буй сайт нь мэдээллийн асар том бааз суурь, аюулгүй байдлыг бүрэн хангаснаас гадна олон төрлийн үйл ажиллагаа, боломжийг монголчуудад, Монголын аж ахуйн нэгжүүдэд нээж өгөх юм.

Монголдоо анхдагч болж буй олон улсын стандартад нийцсэн дизайн шийдэл бүхий томоохон багтаамжтай цахим ертөнцийн нээлтийг тохиолдуулж, “Websoft Mongolia” компанийн захирал, “Юнайтэд Монголиа” төслийн санаачлагч Э.Дархан, маркетингийн менежер Д.Энхзул, Э.Төгсөө, Э.Болдбаатар, IT менежер Ж.Төрмөнх нар үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Монголын цахим ертөнцөд өнөөдрөөс үйл ажиллагаа нь эхэлж буй www.unitedmongolia.com сайтын талаар “Юнайтэд Монголиа” төслийн санаачлагч Э.Дарханаас тодруулав.  

-Шинээр төрөн гарч буй “Юнайтэд Монголиа” цахим сайт бусдаас юугаараа ялгарч байгааг асуумаар байна?  

-“Websoft Mongolia” компани 2006 онд интернэтийн зах зээлд өрсөлдөх зорилготой байгуулагдсан. Манай компанийн 2016 оны цоо шинэ бүтээл болох “Юнайтэд Монголиа” буюу “Нэгдсэн Монгол” төслийн www.unitedmongolia.com цахим хуудсыг өнөөдөр албан ёсоор нээж байна.

Монголд маш их цахим сайт шинээр гарч ирж байгаа. Гэхдээ манай сайтын онцлог гэвэл бид Олон улсын оюуны эрхийн байгууллагад бүртгэлтэй. Мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдээ, мэдээллийн байгууллагуудтай “staff” эрхтэйгээр хамтарч ажиллаж байгаа. Үүгээрээ бид давуу талтай.

Манай сайт гурван үндсэн хэсэгт хуваагдана. Үндсэн сайт болох www.unitedmongolia.com –д Монгол Улсын өв соёл, түүх, ерөнхий мэдээлэл, өндөр чанартай зурагт болон дүрст танилцуулга зэрэг багтаж байгаа.

Хоёрдугаарт www.news.unitedmongolia.com буюу мэдээ, мэдээллийн сайт байна. Энэ сайтад Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, шинээр баталж буй хууль тогтоомж, Аялал жуулчлал, Эдийн засаг, Эрүүл мэнд гээд чухал хэрэгцээтэй салбаруудын мэдээ мэдээллийг баттай эх сурвалжаас нь авч дэлхийд мэдээллэх юм.  

Гуравдугаарт аж ахуйн нэгжид зориулсан www.company.unitedmongolia.com сайт байх бөгөөд энэ нь хамгийн их ачаалалтай байх юм. Аж ахуйн нэгжүүдийн нэгдэл болсон энэ хэсэгт Монголд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, компаниуд нэгдэх боломжтой. Энэ сайтаар бид Монголын аж ахуйн нэгжүүдийг гадаадын компаниудтай холбох, хөрөнгө оруулалт татахад нь туслах, дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж олгоно. Бүгд өөр өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээрээ ялгарч, аялал жуулчлал, уул уурхай, барилга, зам тээвэр гэх мэт дэд ангилалд жагсана. Ингэснээр Монголын аж ахуйн нэгжүүдийн интернэтэд эзлэх байр суурь маш эмх цэгцтэй болно гэсэн үг. Хоёрдугаарт гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нь зүүд мөрөөдөл мэт байсан бол одоо бодитоор хэрэгжинэ гэж ойлгож болно.

Нэмж хэлэхэд www.unitedmongolia.com нь монголын уншигчдад бус дэлхий дахинд зориулагдсан, дэлхийг Монголын тухай мэдээллээр хангаж байх сайт юм. Тиймээс эхний ээлжинд бүх мэдээллээ англи хэлээр хүргэж, удахгүй орос, англи, хятад, япон хэлээр мэдээллээ түгээнэ. 

-Яагаад монголчуудад бус дэлхийд хандаж мэдээлэл түгээхийг илүүд үзэв?

-Монгол Улсын талаар үнэн бодитой, ач холбогдолтой, “сайн” мэдээ мэдээлэл олон улсад төдийлөн их хүрдэггүйг судалгаагаар гаргасан. Гадны жуулчдад хүртэл зориулсан Монголын талаарх цогц мэдээлэл хомс байдаг. Үүнээс гадна Монгол Улс хөрөнгө оруулахад хамгийн боломжтой улс гэсэн баталгаа байдаггүй. Тэгэхээр бид тодорхой стратеги баримталж, Монгол Улсыг сурталчлан таниулах үндсэн бодлоготойгоор мэдээ мэдээлэл бэлтгэж, дэлхийд түгээх нь зөв гэж үзсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улсын нүүр царай болсон мэдээллийг news.unitedmongolia.com гэсэн сайтаар олон улсын хэлээр, хамтын ажиллагаатай байгууллагуудаараа дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт хүргэнэ гэсэн үг л дээ.

Аж ахуйн нэгжүүдийн нэгдэл буюу www.company.unitedmongolia.com сайт мөн Монгол Улсын бас нэгэн нүүр царай байх юм. Одоогийн бидний ашигладаг фэйсбүүктэй ойролцоо, гэхдээ илүү эмх цэгцтэй сайт болсон.

-“Нэгдсэн Монгол” сайтад бүртгүүлснээр аж ахуйн нэгжүүдэд ямар давуу тал бий болох, ач холбогдол нь юундаа байх вэ?

-Бид өөрсдийн бүртгэж авсан аж ахуйн нэгжүүддээ 100 гаруй бизнесийн саналыг тавих юм. Жишээлбэл Nasdaq буюу Олон улсын хөрөнгийн биржэд хувьцаагаа гаргах, Олон улсын интерпрайнер форумд оролцох, Дэлхийн худалдааны байгууллагуудын гишүүн болох, дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сангуудад албан ёсны бүртгэл хийлгэх, олон улсын томоохон мэдээллийн байгууллагуудын тохирсон хэсэгт өөрсдийн компанийн сурталчилгаагаа байршуулах боломж нээгдэнэ. Үүнээс гадна Олон улсын хөрөнгө оруулагчдын нэгдсэн төвд тухайн аж ахуйн нэгжийн мэдээлэл албан ёсоор байршина. Олон улсын худалдааны сайтуудад нэгдэж, бүтээгдэхүүнээ тодорхой гишүүнчлэлтэй байршуулах, борлуулах боломжтой. Мөн Монгол Улсын үндсэн хөдөлгөгч хүч гэж болох уул уурхай гэх мэт салбаруудад тусгай үйлчилгээ гаргаж байгаа.

-Тухайлбал?

-Аялал жуулчлалын салбарын хувьд гэхэд жуулчдын төвлөрсөн дэлхийн хамгийн том сайтад тухайн компанийн мэдээлэл байрших юм. Тухайлбал манай сайтад нэгдсэн “А” гэх байгууллагын мэдээлэл хаашаа аялахаа сонгох гэж байгаа тэрбум гаруй жуулчдад хүрнэ гэсэн үг.   

“Нэгдсэн Монгол” сайтад нэгдсэнээр топ 500 компанитай харилцаатай болж, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Үүнээс гадна Дэлхийн худалдааны байгууллагуудын гишүүн болж бараа бүтээгдэхүүнээ олон улсад худалдаалах, Wikipedia.com сайтад албан ёсны эрх үүсэх гэх мэт 100 боломж нээгдэнэ гэсэн үг.

-Та олон улсын мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа тухай дээр дурдлаа. Тухайлбал ямар ямар байгууллага байна вэ?

-Бид CNN, BBC, National Geographic, Reuters, Yandex, Kbs, 24.com, baidu.com зэрэг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн 20 орчим мэдээ мэдээллийн байгууллага, компаниудтай албан ёсоор хамтарч ажиллаж, мэдээллээ солилцох болсон. Тэгэхээр манай сайтын мэдээллийн хүртээмж, хүчин чадал ийм өндөр түвшинд байна гэсэн үг. Үүнээс гадна манай сайт олон улсын сэтгүүлчдийн байгууллагад албан ёсоор бүртгэлтэй. Мэдээ мэдээлэл, сурталчилгааг дэлхийн өнцөг булан бүрээр цацаж чадна гэж ойлгож болно.

-Тэгвэл Монголын компаниудад ганцхан онлайнаар бус телевиз, радиогоор өөрсдийгөө сурталчлах боломж бий юу?

-Байлгүй яахав. Зөвхөн интернэтээр бус дэлхийн томоохон суваг, телевиз, хэвлэл мэдээллээр хүсвэл компаниа сурталчлах боломжийг бид нээж өгнө. Жишээлбэл BBC, National Geographic зэрэг сувгаар Монголыг сурталчилсан нэвтрүүлэг, ярилцлага гарах боломжтой. Нэмж хэлэхэд Зар сурталчилгаа гэх зүйл Монголд маш өндөр өртөгтэй гарах болсон. Нэг сайтад жижигхэн мэдээ байршуулахад л өч төчнөөн мянган төгрөг нэхдэг нь нууц биш. Харин манай сайт бол зар сурталчилгааг дэлхийд яаж хийдэг тэр стандартын дагуу цогцоор нь шийдсэн.  

-Өвөрмонгол, Буриад, Халимаг зэрэг улсын аж ахуй нэгжүүд мөн танай сайтад нэгдэх боломжтой гэсэн. Энэ талаар?

-Манай төслийн нэр “Нэгдсэн Монгол”. Тиймээс энэ сайтаар, аж ахуйн нэгжүүдээрээ дамжуулаад Монгол туургатан бүх улс нэгдэж болно.  

-Монголын бүхий л аж ахуйн нэгжид нээлттэй гэхээр сайтын бааз, багтаамж асар өндөр байх шаардлага тавигдана. Мөн бүртгэгдсэн компаниудын мэдээллийн аюулгүй байдал, цаашлаад сайтынхаа аюулгүй байдлыг хэрхэн хамгаалахаар төлөвлөсөн бэ?

-Манай “Websoft Mongolia” компанийн IT буюу мэдээлэл технологийн хэсэгт Монголд төдийгүй дэлхийд толгой цохидог инженерүүд ажиллаж байгаа. IT-ийн багийг Microsoft-ийн гэрчилгээтэй, Энэтхэгт олон жил энэ салбараараа суралцаж, ажиллаж байсан Ц.Баяржаргал ахалж байгаа. Энэ хүн өөрөө аюулгүй байдлын кодоо хөгжүүлдэг, сайт өөрөө нууцлалын гэрээтэй. Өөрөөр хэлбэл компанийн аюулгүй байдлыг манай сайт хуулийн хүрээнд 100 хувь батлан даана. Түүнчлэн манай сайт Олон улсын аюулгүй байдлын бүх дүрмийг хангасан, олон улсын банкны системд итгэмжлэгдсэнээрээ онцгой давуу талтай.

аны ярианаас сонсоход маш их бодит боломж харагдаж байна. Үүнийг ажиллуулж, авч явахад мэдээж чамгүй хүчин чармайлт шаардлагатай байх. Ер нь яагаад ийм том төсөл эхлүүлэх санаа гарав?

-Энэ бол юм хийж бүтээе гэсэн чин хүсэлтэй залуусын сэтгэл зүрх шингэсэн төсөл. Өмнө нь ийм төрлийн цогц мэдээлэлтэй, олон улсын ийм олон байгууллагатай хамтын ажиллагаатай байгаагүй гэхэд болно. Бид хамтарч ажиллах байгууллагууддаа дээр дурдсан, дурдагдаагүй маш олон боломжийг нээж өгнө. Зөвхөн гадаадад бус дотооддоо ч аж ахуйн нэгжүүдэд ч харилцан ажиллах, үнэ төлбөргүй үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ сурталчлах боломж хүртэл олгоно. Ерөөсөө гадаад, дотоод уялдаа холбоог цогцоор нь бид шийдсэн. Монгол Улс бүсээ чангалж, эдийн засгийн хувьд хүндхэн байгаа үед манай төсөл үр дүнтэй ажиллаж чадна гэж итгэж байгаа. Монголдоо хөрөнгө оруулалт татах олон боломж дэлхийд нээлттэй байна. Үүнийг заавал төр, засгийн хэмжээнд бус харин хийж бүтээхийг хүссэн залуус яагаад хэрэгжүүлж, зуучилж чадахгүй гэж. Бид ийм л урам зориг өвөрлөж энэ ажлаа эхлүүлээд байна. Бид энэ ажлаа үргэлжлүүлж тун удахгүй ухаалаг гар утсанд зориулсан “UN” гэсэн аппликейшн-ийг нэвтрүүлнэ. Энэ мэтчилэн бид алхам тутамдаа үйл ажиллагаагаа улам идэвхжүүлж, улам илүү шинэ санааг нэвтрүүлэхийн төлөө ажиллах болно

Н.Гантуяа

Гэрэл зургийг Н.Батбаяр

Связанные новости