Гадаадад сурч буй оюутнууд хотын хөгжлийн асуудлыг хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын залуу манлайлагчдын хөтөлбөр”-ийн хүрээнд гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын 11 дэх удаагийн чуулга уулзалтын Европын салбар уулзалтыг Прага хотноо Монголын ЭСЯ-наас зохион байгууллаа.
Анх 2009 онд Вашингтон хотноо үүсгэн байгуулсан “Монголын залуу манлайлагчид хөтөлбөр” нь Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор тодорхой сэдвийн хүрээнд чуулга уулзалт, хэлэлцүүлгийг зохиодог бөгөөд энэ жил анх удаагаа гурван тивд зохион байгууллаа. “Улаанбаатар 2030” сэдвийн хүрээнд болсон энэ удаагийн чуулга уулзалтад Их Британи, Итали, Австри, Чех, Люксембург зэрэг улс оронд нарийн мэргэжлээр суралцаж, ажиллаж буй 10 оюутан оролцсон бөгөөд “Хотын хог хаягдлын менежмент”, “Хотын замын хөдөлгөөн”, “Хотын орон сууц” зэрэг сэдвээр илтгэл, танилцуулга бэлтгэн хэлэлцүүлж санал бодлоо солилцов.
Түүнчлэн Прага хотын холбогдох байгууллагын судлаач, шинжээчидтэй уулзаж хог хаягдал дахин боловсруулах болон чех пивоны үйлдвэртэй танилцлаа.