Тогтвортой хөгжлийн асуудлаарх II чуулган Улаанбаатар хотноо болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй Монголын парламентчид Олон Улсын Парламентын Холбоо /ОУПХ/-ны 140 дүгээр чуулга, уулзалтад оролцож байна
Энэ үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ОУПХ-ны Ерөнхийлөгч Габриэла Куэвас, мөн зарим орны парламентын дэд тэргүүн нартай хоёр талын уулзалт хийлээ. ОУПХ-ны Ерөнхийлөгч, Мексик Улсын сенатын гишүүн, хатагтай Габриэла Куэвастай хийсэн уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн “Тогтвортой хөгжлийн асуудлаарх хоёрдугаар чуулган"-ыг ирэх тавдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах болсныг цохон тэмдэглэв. Мөн уг чуулганыг амжилттай зохион байгуулахад ОУПХ-ны хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэлээ.
Хатагтай Габриэла Куэвас Монгол Улс ОУПХ-ноос зохион байгуулж буй бүхий л арга хэмжээнд идэвхтэй оролцож ирснийг дурдаад, "Үүний тод илрэл бол энэхүү Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын хурлыг эх орондоо хийх гэж байгаа явдал юм. Монголын парламентчид ОУПХ-ны бүтцийн нэгж, байгууллагуудад бүлгээсээ нэр дэвшин сонгогдож байгааг өндрөөр үнэлж байна" гэлээ. Мөн С.Зориг агсны хэрэгт холбоотой асуудлаар Парламентчдын хүний эрхийн хороотой хамтран ажилладгийг сайшаав.
Монголын төлөөлөгчид чуулганы үеэр ОХУ, БНХАУ, БНАЛАУ, ХБНГУ, БНБеларусь Улсын төлөөлөгчдийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийж, парламентын хамтын ажиллагаа болон улс хоорондын харилцааны өнөөгийн байдлын талаар санал солилцлоо. Түүнчлэн парламентын дэргэдэх харилцааны бүлгийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд талууд анхаарлаа түлхүү хандуулах шаардлагатайг тэмдэглэв. Мөн олон талт харилцааг хөгжүүлэх буюу олон улсын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, байнгын уулзалтын механизмтай болж, харилцааг өргөжүүлэхийн ач холбогдлыг хөндөн ярилцаж, энэ чиглэлээр хоёр талаасаа идэвх чармайлт гаргах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна.
Связанные новости

