Японы "F-35A" сөнөөгч онгоц Номхон далайд унасныг нотолжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /TASS/. Мягмар гарагт радарын дэлгэцээс алга болсон, Японы Өөрийгөө батлан хамгаалах хүчний тав дахь үеийн сөнөөгч-бөмбөгдөгч "F-35A" онгоц хойд Аомори муж орчимд Номхон далайд унасан гэдгийг тус улсын Батлан хамгаалах яам нотолжээ. Энэ тухай Японы Батлан хамгаалахын сайд Такэши Ивая лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
“Харамсалтай нь нисэх онгоц Аомори мужаас 135 орчим км зайтай газар сүйрсэн гэдгийг бид хүлээн зөвшөөрөхөөс аргагүй боллоо. Бид ослын шалтгааныг олж тогтооно. Нисэгч одоогоор олдоогүй байгаа бөгөөд эрэх ажиллагаа үргэлжилж байна” гэж тэрбээр хэлжээ. Түүний хэлснээр, нисэх онгоцны их биеийн хэд хэдэн хэсэг лхагва гарагийн өглөө ослын газраас олдсон байна. Эрэх-аврах ажиллагааг шөнийн турш явуулсан бөгөөд цэргийн нисэх онгоцууд болон хөлөг онгоцууд оролцжээ.
Ослын шалтгааныг тодруулах хүртэл “F-35A” нисэх онгоцны нислэгийг түр зогсоох үүргийг Ивая мягмар гарагийн өглөө өгсөн байна. Одоогийн байдлаар Японы Өөрийгөө хамгаалах хүчинд ийм загварын нисэх онгоц 13 байдаг аж. Сөнөөгч онгоцуудыг бүгдийг Хоншю арал дахь Мисава баазад байрлуулжээ.
Номхон далайд унасан нисэх онгоцыг Японы “Mitsubishi Heavy Industries” компанийн үйлдвэрт угсарчээ. Энэ нь “F-35A” загварын сөнөөгч онгоц осолдсон анхны тохиолдол юм. Учир нь ийм сөнөөгч онгоцууд дэлхийн улс орнуудын армийн зэвсэглэлд дөнгөж орж эхэлж байгаа юм.