Цаазын ялыг гүйцэтгэх нь эрс багасжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЛОНДОН. /TASS/. Өнгөрсөн онд дэлхий даяар цаазаар авах ялын гүйцэтгэлийн тоо 31 хувиар буурч, сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлтэд хүрсэн тухай “Amnesty International” төрийн бус байгууллагын тайлан мэдээнд дурджээ.
Тус байгууллагын жил тутмын судалгаанаас үзвэл, өнгөрсөн онд 690 хүнийг цаазалсан байна. 2017 онд энэ тоо 993 байжээ. “Улс орнууд ерөнхийдөө цаазын ял хэрэглэх нь багасаж, харгис, хүнлэг бус энэ шийтгэлийг халахад үр дүнтэй алхам хийж буйг 2018 оны тоо баримт харуулж байна” гэж тайлан мэдээнд дурдсан байна.
Үүнтэй холбоотойгоор “Amnesty International” байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Куми Найдугийн онцлон тэмдэглэснээр, “дэлхий даяар цаазын ял ногдуулж, гүйцэтгэх нь огцом багасаж байгаа нь энэ ял шийтгэл асуудлыг шийдэх арга биш гэдгийг ийм ял хэрэглэдэг улс орнууд ойлгож, арга барилаа өөрчилж эхэлснийг харуулж байна”. Тухайлбал, цаазын ял хэрэглэдэг Иран улсад мансууруулах бодистой тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа цаазын ялын тоо 50 хувиар багасжээ. Түүнчлэн Ирак, Пакистан болон Сомали улсад цаазын ял оногдуулах нь эрс цөөрсөн байна.
Үүний сацуу, Беларусь /хамгийн багадаа 4 хүн/, Сингапур /13/, АНУ /25/ болон Өмнөд Судан /хамгийн багадаа 7/ улсад цаазын ял оногдуулах нь нэмэгдсэн бол Японд олон жилийн хугацаанд хамгийн олон хүн буюу 15 хүнд цаазын ял оноож, гүйцэтгэсэн болохыг хүний эрхийг хамгаалагчид онцлон тэмдэглэжээ. Үүнээс гадна, Тайланд улс 2009 оноос хойш анх удаа цаазын ял хэрэглэсэн байна.
“Amnesty International” байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга “цаазын ял хэрэглэж байгаа орнуудад энэ шийтгэлээ нэн даруй зогсоож, дорвитой арга хэмжээ авахыг уриалжээ”.
Цаазын ялыг хаана хамгийн их хэрэглэдэг вэ
Цаазын ял ногдуулж, гүйцэтгэсэн тоогоор Хятад нэгдүгээрт орсон хэвээр байна. Улсын нууцад тооцогддог учраас тус улсад хэчнээн хүнийг цаазаар авсан нь тодорхойгүй байдаг байна. “Amnesty International” байгууллагынхны тооцоолсноор, Хятадад “жил бүр хэдэн мянган хүнд цаазын ял оногдуулж, мянган хүнийг цаазалдаг байна”. 2018 онд хамгийн олон хүнд цаазын ял оноож, гүйцэтгэсэн орнуудын жагсаалтад Хятадын дараагаар Иран, /хамгийн багадаа 253/, Саудын Араб /149/, Вьетнам /хамгийн багадаа 85/, болон Ирак улс /хамгийн багадаа 52/ оржээ.
Түүнчлэн өнгөрсөн онд зарим оронд цаазын ял оноох нь эрс нэмэгдсэнд түгшиж буйгаа “Amnesty International” байгууллагынхан илэрхийлсэн байна. Тухайлбал, Иракт цаазын ял оногдуулсан хүний тоо 2017 онд 65 байснаас дөрөв дахин нэмэгдэж, 217 болжээ. Египетэд ийм ял авсан хүний тоо 2017 оныхоос 75 хувиар нэмэгдэж, 717 болсон байна. Тус улс 2017 онд 402 хүнд цаазын ял оноожээ.
БНАСАУ-ын хувьд “хүмүүсийг цаазаар авсан хэвээр байгаа” боловч энэ мэдээллийг баталгаажуулах боломжгүй байгааг “Amnesty International”-ийн тайлан мэдээнд дурдсан байна.