УИХ-ын гурван байнгын хороо хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
Тухайлбал, Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аудитын газрын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай, Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг батлах тухай, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн ажиллах журам батлах талаар хэлэлцэх юм.
Харин 11.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Үдээс хойш буюу 14.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай, “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.