Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулахыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-09 18:28:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.


Замын-Үүд чөлөөт бүсийн нутаг дэвсгэрийн хэмжээг 900 га талбай бөгөөд Засгийн газрын 2004 оны 45 дугаар тогтоолоор чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албыг бий болгож орон тоог тогтоосон байна. Улмаар Засгийн газрын 2011 оны 187 дугаар тогтоолоор Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөг баталсан бөгөөд уг төлөвлөгөөний дагуу 6.5 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжийн 58.8 сая ам.доллароор бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил өрнүүлжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 4 дүгээр сард БНХАУ-д айлчлах үеэр “Монгол, Хятадын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны зэргэлдээ бүсүүдийн бүтээн байгуулалтын хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээний явцыг түргэтгэх тухай” харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм. Уг хэлэлцээрийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.


Мөн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багийг УИХ-ын гишүүн Я.Содбаатараар ахлуулан байгуулав.

Связанные новости