Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ.
УИХ-ын нэр бүхий 11 гишүүний өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулав. 1990 онд баталсан Тэтгэврийн хуульд, "Төрүүлсэн болон үрчлэн авсан 4 ба түүнээс дээш хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн эхчүүд 20-иос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй" гэжээ. Хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлснээр, 1991 онд 32.8 мянган эх тэтгэвэр тогтоолгосон бөгөөд дээрх заалтын улмаас олон эмэгтэйчүүдийг ид хийж бүтээх насанд нь буюу 35-45 насанд нь тэтгэвэрт албадан шахуу гаргасан байна. Тодруулбал, энэхүү заалтын дагуу 15.4 мянган ээж тэтгэвэр тогтоолгожээ. Нийгмийн даатгалын газраас 2018 онд гаргасан судалгаагаар дээрх хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдээс 3.6 мянга нь 280 мянган төгрөг, 7.6 мянга нь 280-300 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа юм. Тиймээс дээрх хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эхчүүдэд улсын дунджаар тооцон тэтгэвэр олгохоор хуулийн төсөлд тусгасан байна. Одоогоор дундаж тэтгэврийн хэмжээ 342 мянган төгрөг байгаа юм.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь дэмжиж, чуулганд танилцуулахаар тогтлоо. Мөн байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хороогоор хэлэлцүүлэхэд бэлтгэх, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Ундраагаар ахлуулан байгуулав.
Связанные новости

