Путин, Эрдоган нар уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-04-08 09:22:18

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган нар өнөөдөр Москва хотноо болох Орос-Туркийн Өндөр түвшний хамтын ажиллагааны зөвлөлийн найм дахь удаагийн хуралдаанд оролцоно.


Хурлын үеэр Сирийн байдал, Турк улсад зенитийн пуужингийн "С-400" систем нийлүүлэх, “Туркийн урсгал” төслийн хэрэгжилт болон бусад тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ.


Үүнээс гадна, Орос, Туркийн Ерөнхийлөгч нар хоёр орны бизнес эрхлэгчдийн тэргүүлэх төлөөлөгчидтэй хамтарсан уулзалт хийнэ. Хоёр орны удирдагчид мөн Их театрт зочилж, Орос-Туркийн Соёл, аялал жуулчлалын жилийг нээх ёслолын ажиллагаанд оролцоно.


Эрдоган ОХУ-д ажлын айлчлал хийнэ. Хоёр орны удирдагчдын өмнөх уулзалт Сирийн асуудлыг зохицуулах ОХУ, Турк, Ираны гурван талын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Сочи хотод хоёрдугаар сарын 14-нд болсон билээ. Үүнээс өмнө Путин, Эрдоган хоёр нэгдүгээр сарын 23-нд Кремльд хэлэлцээ хийсэн юм.


ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, Путин, Эрдоган нар даваа гарагт хэлэлцээ хийх үеэрээ “Орос-Туркийн хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцохоор төлөвлөж байна. Тухайлбал, эрчим хүчний салбарт стратегийн хамтарсан төслүүд хэрэгжүүлэх, мөн бүс нутгийн болон олон улсын тулгамдсан асуудлуудад байр сууриа нэгтгэх асуудлыг хэлэлцэнэ”.



Связанные новости