Гутерриш Ливийн Үндэсний армийн командлагчтай уулзана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКАИР. /TASS/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Ливи улсын Үндэсний армийн командлагч Халиф Хафтартай өнөөдөр уулзахаар төлөвлөж байна. Энэ тухай телевизийн “Al Arabiya” суваг мэдээлжээ.
Тус сувгаар мэдээлснээр, уулзалт Ливийн нийслэл Триполи хотоос зүүн тийш 1000 км зайтай оршдог Бенгази хотод болох ёстой. Уулзалтын үеэр хэлэлцэх гол сэдэв нь Үндэсний арми нийслэл хот руу давшин орох гэж буйтай холбоотойгоор тус улсад үүсээд буй нөхцөл байдлын тухай байх юм.
Ливийн нийслэл хотыг террористууд болон тэнд байрлаж буй зэвсэгт бүлэглэлүүдээс чөлөөлөх ажиллагааг эхлүүлснийг Үндэсний армийн командлагч Халиф Хафтар пүрэв гарагт мэдэгджээ. Одоогийн байдлаар армийн цэргүүд эрчтэй давшиж байгаа бөгөөд зарим хэвлэлүүдийн мэдээлснээр, нийслэлийн захад хэдийнэ байрласан байна. Дэлхийн хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдсөн Ливийн Үндэсний зөвшилцлийн засгийн газрын тэргүүн Фаиз Сараж өөрийн хяналтад буй цэргийн анги нэгтгэлүүдийг байлдааны бэлэн байдалд оруулж, “ард иргэд болон чухал объектуудыг хамгаалахын тулд” шаардлагатай тохиолдолд хүч хэрэглэх тушаал өгчээ. Үндэсний зөвшилцлийн засгийн газар нь нийслэл Триполи хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш давшилтыг эхлүүлсний дараа тус байгууллагын тусгай төлөөлөгч Гасан Саламегийн Триполи хотод зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр зэвсэгт мөргөлдөөнөө зогсоохыг Ливийн мөргөлдөгч талуудад дахин уриалсан байна. Ливийн “нөхцөл байдлыг намжаахын тулд” тавьж буй хүчин чармайлтаа НҮБ үргэлжлүүлж байна гэж тэрбээр цохон тэмдэглэжээ. Хойд Африкийн тус улсад удаан үргэлжилж буй хямралыг эцэс болгох зорилгоор дөрөвдүгээр сарын 14-16-нд Гадамест Үндэсний бага хурал зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.
Баасан гарагт мөн НҮБ-ын Аюулгүй Зөвлөл яаралтай хуралдаж, Ливийн асуудлыг хэлэлцэнэ.