Монголын халаасны хулгайчдыг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-04-04 14:11:02

БАНГКОК. /Bangkok Post/. Даваа гарагийн орой Тайландын нийслэл Бангкок хотын “BTS” галт тэрэгний буудалд Словак жуулчны хэтэвчийг хулгайлсан хэрэгт холбогдуулан Монгол улсын гурван иргэнийг баривчилсан байна.


“26 настай И.Мөнхбаяр, 27 настай Г.Ихбаяр, 27 настай Б.Эрдэнэбаяр нарыг “BTS” галт тэрэгний буудлын ойролцоогоос баривчилсан” гэж Цагдаагийн дэслэгч генерал, Цагаачлалын товчооны комиссар Сурахата Хакпарн лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


Тэднийг дөрөвдүгээр сарын 1-ний орой Словак жуулчны хэтэвчийг хулгайлсан хэрэгт буруутгаж байгаа ажээ. Жуулчин 2000 бахт болон бусад үнэ цэнтэй эд зүйлсээ алдсан даруйдаа цагдаагийн газарт мэдэгдсэн байна. Тухайн өдрийн шөнө нь түүний хоосон хэтэвчийг галт тэрэгний буудлын хогийн савнаас олжээ.


Цагдаагийн ажилтнууд хяналтын камеруудыг шалгасны дүнд дээрх гурван сэжигтэн хэргийн газраас зугтахын өмнө хэтэвчийг хогийн сав руу хаяж буйг илрүүлжээ. Байцаалтын үеэр сэжигтнүүд жуулчны хэтэвчийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Мөн тэд хөл хөдөлгөөн ихтэй дэлгүүр болон галт тэрэгний буудалд тайландчууд болон гадаадын жуулчдыг онилон хулгайн гэмт хэрэг үйлддэг гэдгээ хүлээн зөвшөөрчээ.


Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосноор, Тайланд улсад Мөнхбаяр хоёр удаа, Ихбаяр нэг удаа, Эрдэнэбаяр дөрвөн удаа ирж байжээ. Мөнхбаяр, Ихбаяр нарыг Монголдоо алдартай рэпер гэж цагдаа нар таамаглаж байна.

Связанные новости