Орос-Японы стратегийн ээлжит хэлэлцээг Токиод хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-04-02 10:21:38

ТОКИО. /TASS/. ОХУ-Японы стратегийн яриа хэлэлцээний 15 дахь үе шат Гадаад хэргийн дэд сайд нарын түвшинд өнөөдөр Японы нийслэл Токио хотноо эхэлнэ. ОХУ-ын талаас Владимир Титов, Японы талаас Такэо Акиба хэлэлцээнд оролцоно.


Японы Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, удахгүй хийх уулзалтын үеэр талууд олон улсын сэдвүүд болон хоёр орны стратегийн ашиг сонирхлын талаарх асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Японы гадаад бодлогын байгууллага илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.


Стратегийн яриа хэлэлцээний шинэ үе шатыг эхлүүлэх товыг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хоёрдугаар сард Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үеэр Японы Гадаад хэргийн сайд Таро Конотой хэлэлцээ хийхдээ мэдэгдсэн билээ. Ээлжит хэлэлцээний бэлтгэлийг хангах асуудлыг Владимир Титов өнгөрсөн долоо хоногт ОХУ-д суугаа Японы Элчин сайд Тоёхиша Козукитай хэлэлцсэн байна.


Хоёр орны Гадаад хэргийн тэргүүн дэд сайд нарын түвшинд стратегийн яриа хэлэлцээг 2007 оны нэгдүгээр сараас хийж эхэлсэн байна. Ийм хэлбэрийн хэлэлцээ хамгийн сүүлд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Москва хотод болжээ.


Дэлхийн II дайны дараа найрамдлын гэрээ байгуулах зорилгоор Москва болон Токиогийн хооронд хийж буй хэлэлцээ олон арван жил үргэлжилж байгаа билээ. Найрамдлын гэрээ байгуулахад учирч буй гол саад бэрхшээл бол Курилийн арлуудын өмнөд хэсгийн харьяаллын асуудал юм. Дайн дууссаны дараа Курилийн бүлэг арлыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулсан боловч Итурупа, Кунашира, Шикотана болон хүн оршин суудаггүй жижиг арлуудыг Япон улс өөрийн эзэмшлийнх гэж нэхэмжилсээр байгаа юм.


Связанные новости