Ц.Чогсомжав: Иргэдийн газрыг нэг өрөө байраар солихоор төлөвлөсөн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-03-28 15:21:30

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжавтай уулзаж аймгийн төсвийн орлого, бүтээн байгуулалтын явц, Хэрлэн сумын дахин төлөвлөлт, цахилгаан автобусны талаар тодрууллаа.

 

- Аймгийн  төсвийн орлогыг хэчнээн төгрөгөөр батлав? Ямар онцлог ажлууд хийх вэ?

-Манай аймагт энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 50.3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнүүлнэ. Харин бид аймгийнхаа төсвийг 62,6 тэрбум төгрөгөөр баталсан.

Харин орон нутгийн хөгжлийн санд 5,2 тэрбум төгрөг төсөвлөсөн нь өнгөрсөн оныхоос 62 хувиар нэмэгдсэн. Энэ жил төсөл хөтөлбөр, гадны байгууллагын тусламж дэмжлэгээр хийгдэх олон томоохон ажил бий. Зөвхөн улсын төсөв, орон нутгийн төсөв, ОНХС-аар нийт 60 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Чингис хотод зам, хорооллуудын гадна тохижилтын ажилд 10 тэрбум төгрөгийн ажил төлөвлөсөн.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийнэ гэж төлөвлөсөн. Ажил хэзээ эхлэх вэ?

-Дахин төлөвлөлтийг Хэрлэн сумын нэгдүгээр баг, банкны байранд хийхээр төлөвлөсөн. Банкны байранд 23 айл байгаа. Тэр айлууддаа шат дараатайгаар танилцуулга хийснээр оршин суугчид зөвшөөрсөн.

Дахин төлөвлөлтийн зураг төсөв гаргасан. Зургаан корпус 174 айлын орон сууц барих ажил энэ хавраас эхэлнэ. Инженерийн шугам сүлжээнд 650 сая төгрөг зарцуулахаар улсын төсөвт суулгасан.

-Манай аймаг орон сууцны үнэд уян хатан бодлого барьж байгаа. Тухайлбал, нэг ам метр байрны үнэ 800 гаруй мянган төгрөг байгаа. Шинэ байрны үнэ хэдэн төгрөг байх бол? Дахин төлөвлөлтөд 20 гаруй айлын асуудал яригдаж байна. Тэдгээр айлууд ямар нөхцөлөөр дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа вэ?

-2016 онд Хэрлэн хорооллын байрны үнэ нэг м.кв нь 1.2-1,3 сая төгрөг, Чингис цамхаг 1.550.000 төгрөгт хүрсэн.Тиймээс бид орон нутгийн иргэдийн худалдан авах чадварыг нь харгалзан, хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах зорилгоор нэг м.кв тутмыг нь сая төгрөгөөс дотогш байлгах бодлого баримталсан.

Тиймээс шинээр баригдах орон сууцныхаа инженерийн шугам сүлжээ, газрыг нь үнэ төлбөргүй шийдэн өгч, гүйцэтгэгч барилгын компаниудад үнээ буулга гэсэн зарчмыг тавьж байгаа. Нэгдүгээр багийн дахин төлөвлөлтийн барилга дээр нэг саяас дээш гаргахгүй гэсэн бодлогоо баримтална. Банкны байрны 20 гаруй айлдаа, 30-35 м.кв нэг өрөө байр өгөхөөр яригдаж байна.

-Хорин хоёр айлд үнэгүй  орон сууц олгоно гэсэн үг үү?

-Энэ айлууд маань хуучирч муудсан байшинд амьдарч байгаа. Иймээс тухайн айлын газрыг үнэлж, айлууддаа газраа чөлөөлөөд өг, байшингаа нүүлгэ гэсэн нөхцөл тавьсан.

Дахин төлөвлөлтийн төлөвлөгөөнд орохоос өмнө тэнд нэг айлын 0.7 га газар зах зээлийнхээ ханшаар 7-8 сая төгрөгийн дүнтэй байлаа.  Хоёр жилийн өмнө шүү дээ. Нөгөөтэйгүүр 0,7 га газартаа хүрч байгаа айл тун цөөхөн. Тиймээс ард иргэдээ тав тухтай орон сууцаар хангах, орчин нөхцлийг нь сайжруулах зорилгоор нэг өрөө байраар газрыг нь сольё гэж төлөвлөсөн.

Гэхдээ сонгон шалгаруулалтаар орж ирсэн компаниуд тухайн айлуудтайгаа гэрээ хийнэ. Энэ ажлыг Хэрлэн сумын Засаг дарга Ц.Идэрбат удирдан зохион байгуулж байна.

-Хэрлэн сумын иргэд ухаалаг худгаар үйлчлүүлж эхэллээ. Энэ нь цаг үетэйгээ нийцсэн шийдвэр гэж боддог. Сумдад нэвтрүүлэх үү?

-Аймагтаа ухаалаг худгийн системийг нэвтрүүлж эхэлсэн. Худаг 24 цаг болсноор ард иргэдийн цагийг бодитойгоор хэмнэж байгаа. Гэр хорооллын иргэд цагийн хязгаарлалтгүйгээр усаа авах боломж бүрдсэн. Мөн худгуудаа төвлөрсөн шугамд холбож эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж байна. Цаашид энэ ажил үргэлжилнэ.

-Чингис хотод Эко автобус энэ зунаас явна гэж дуулсан. Яг хэзээнээс явах вэ? Маршрут нь гарсан уу?

-Гүйцэтгэгч компаниа хуулийн хүрээнд сонгон шалгаруулна. Энэ оны зургадугаар сарын 15-н гэхэд эко автобусыг найман чиглэлд явуулах төлөвлөгөөтэй.

Цахилгаан хөдөлгүүртэй найман автобус авна. Автобус цахилгаан хөдөлгүүртэй болохоор бензин зарцуулахгүй, эдийн засагт хэмнэлттэйгээрээ давуу талтай. Бүсчлээд, цаг гаргаж явахаар маршрутыг тооцсон.

-     -Автобусаар ард иргэд хэдэн төгрөгөөр үйлчлүүлэх вэ?

-Тариф нь одоохондоо гараагүй байна. Өндөр настан, хүүхдүүдийг үнэ төлбөргүй зорчуулна гэсэн зарчмыг баримталж байгаа.

Бензин тосны шаардлага гарахгүй болохоор цахилгааны тооцоо, жолоочийн цалин гарна. Ажилтан албан хаагчдаас тэгэхээр тодорхой хэмжээний хураамж авна гэсэн үг. Нэг удаа зорчиход 500 төгрөгийн хураамж авах тухай яригдаж байна. Гэхдээ эцэслээгүй байгаа.

 

 

Связанные новости