Хуулийн байгууллагын удирдлагуудыг ҮАБЗ-ийн шийдвэрээр огцруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-27 20:19:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.


Хууль, хяналтын зарим байгууллага төр, нийгмийн аюулгүй байдал, иргэдийн эрхийг зөрчсөн томоохон хэргүүдийг мөрдөн байцаах ажиллагаа, түүнийг хянадаг, шүүн шийдвэрлэдэг шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлага нь хуйвалдааны тогтолцоонд шилжсэн байгааг Ерөнхийлөгч хуулийн төслийн үзэл баримтлалд дурдсан байна. Өөрөөр хэлбэл, хууль хяналт, шүүхийн байгууллагын удирдлагууд нь томилсон албан тушаалтандаа үйлчилдэг, улс төрийн захиалгаар эрүүгийн хэрэг үүсгэдэг болсон хэмээжээ. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс энэ сарын 25-ны хуралдаанаар “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхийг Ерөнхийлөгчид даалгасан байна. Энэ хүрээнд шүүгч, АТГ-ын дарга, дэд дарга, Улсын ерөнхий прокурор болон түүний орлогчийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлдөг байхаар хуулийн төсөлд тусгасан.


Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийг эрүүдэн шүүж байгаа бичлэгийг бид үзлээ. Бусдыг дарамтлан, эрүүдэн шүүж байгааг бид харсан. Энэ бүх алдаа, завхарлыг үгүй хийхийн тулд энэ хуулийн төслийг баталж буй юм” гэлээ.


Мөн Л.Энх-Амгалан гишүүн, “Монголын түүхэнд хараар бичигдэх өдрүүд болж байна. Энэ аймшигт эрүүдэн шүүлт хийсний төлөө бид Монголын ард түмнээс уучлалт гуйх ёстой. Сэжигтнүүдийг тамласан хүмүүст хуулийн хамгийн дээд ял хүлээх ёстой” хэмээв.


Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85-92.7 хувь хуулийн төслүүдийг дэмжиж, батлав. Дээрх хуулиудыг батлагдсан өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Связанные новости