БНСУ-ын Гадаад харилцааны сайдыг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНСУ-ын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд, Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны Солонгосын хэсгийн дарга Жу Хёныг хүлээн авч уулзав.
Талууд БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёны Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр, хоёр улсын Ерөнхий сайд нарын ярьж тохирсон зүйлүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар ажил хэрэгч санал солилцов. Тухайлбал, Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэлийн түвшин”-д хөгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, ГХЯ-д хоорондын яриа хэлэлцээний механизмыг бэхжүүлэх, олон талт стратегийн яриа хэлэлцээний сувгийг бий болгох, Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит хуралдааныг ойрын хугацаанд үр дүнтэй зохион байгуулах талаар хамтран ажиллахаар тогтов.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар залуу дипломат ажилтнуудыг дэмжих зорилгоор дэвшүүлж буй санал, санаачилгын талаар танилцуулж, соёл урлаг, мэдээллийн технологийн чиглэлд хамтран ажиллах, “М-К Pop” фестиваль зохион байгуулах, “Korea IT Camp” байгуулах асуудлыг ажил хэрэг болгох, БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол иргэдийн ар гэрийнхэнд виз олгох асуудлыг хөнгөвчлөх зэрэг чиглэлд Солонгосын талын дэмжлэгийг хүслээ.
Түүнчлэн, Зүүн хойд Азийн Эрчим хүчний супер сүлжээ, Зүүн Азийн Төмөр замын хамтын нийгэмлэг байгуулах зэрэг бүс нутгийн санал санаачилгын хүрээнд уялдаа холбоотой ажиллах, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар мэдээлэл солилцов. Мөн Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг хангах чиглэлд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа нотлов.