Аргентин улстай хамтран махны үйлдвэр байгуулах бололцоог судална
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 20-24-нд Бүгд найрамдах Аргентин Улсад ажлын айлчлал хийж, Буэнос-Айрэс хотод болсон "Өмнөд-Өмнөд" хамтын ажиллагааны Сайд нарын II хуралд оролцов.
Айлчлалын хүрээнд, Сайд Ч.Улаан Аргентины Хөдөө аж ахуйн сайд ноён Лүйс Мигель Этчэвэхэрэтэй уулзаж хамтарч ажиллах талаар ярилцав. Тухайлбал, сайд нар Монголд шүлхий өвчний хяналтыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах санал солилцож, хамтарсан махны үйлдвэр байгуулах, хувийн хэвшил хоорондын харилцааг нэмэгдүүлэх боломжийг судлан ажиллахаар болов.
Мөн хоёр улсын Засгийн газар хоорондын техникийн хамтын ажиллагааны тухай Хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын талаар ярилцаж, хамтарсан төлөвлөгөө гаргахаар тохиролцов.
Манай төлөөлөгчид Аргентины Үндэсний хүнсний аюулгүй байдал, чанарын албаны байгууллага- “SENASA”-д зочлов. SENASA-гийн Дэд ерөнхийлөгч Гиеэрмо Росси байгууллагаа танилцуулж, Монголд малыг бүртгэлжүүлэх, шүлхий өвчний хяналтыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах талаар ярьсан байна. “SENASA” төв эхний ээлжинд мэргэжилтэн илгээж, шүлхийн хяналтыг сайжруулах хөтөлбөрийг эхлүүлэхээр санал тавиад байна.
Түүнчлэн Аргентины ХАА-н технологийн хүрээлэн “INTA”-гийн захирал Адолфо Лүйс Сайд Ч.Улаантай уулзахдаа хамтарсан судалгаа хийх, улмаар тус төвийн мэргэжилтнүүдийг энэ дөрөвдүгээр сард Монголд ажиллуулж, “Хүйтний улиралд малыг шимтэй тэжээлээр тогтмол хангах” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг танилцууллаа.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тэргүүтэй төлөөлөгчид шүлхийн вакцин үйлдвэрлэгч “Биохенисэс Баго” компанид зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд Монголд мал эрүүлжүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.