Малчдын санал гомдлыг зөвшилцөн шийддэг болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2019-03-25 14:08:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Ханбогд сумын захиргаа, малчид, “Оюутолгой” ХХК-ийн хооронд нутгийн иргэдийн гомдол, саналыг шийдэж байх Гурван талт зөвлөл байгуулан ажиллаж байна. Энэ талаар өнөөдөр “Туушин” зочид буудалд болсон уулзалтын үеэр “Оюутолгой” ХХК-иас мэдээллээ.

Анх Оюутолгойн ордын ойролцоо амьдардаг 30-аад малчин, “Уул уурхайн компаниуд газар шороог маань ухаж сэндийчихээс гадна мөн ундаргын ус ашиглаж байгаа нь нүүдлийн ахуй, бэлчээрийн  амьдралд эрсдэл учруулж байна” хэмээн эсэргүүцэн  гомдол гаргаж байв. Тэдний санал хүсэлт гомдлыг “Оюутолгойн хяналт”, “Говийн газар шороо” гэсэн олон нийтийн байгууллага, ТББ-ууд дэмжин омбудсмений (гомдол, маргааныг хянан шалгаж, дүгнэлт гаргах зөвлөл (алба) гэсэн газарт мэдүүлж, улмаар малчдын тавьж буй санал, гаргасан гомдлыг олон улсын эвлэрүүлэн зуучлагчид газар дээр очиж хянаж шийдвэрлэж иржээ. Тэгвэл Ханбогдын малчид одоо энэ талын арга барилаа улам дээшлүүлж асуудлыг Гурван талт зөвлөл шийдэж байхаар болж байна. Ингэснээр омбудсмений газарт өмнө гаргаж байсан гомдлуудыг эцэслэн хааж буй талаар “Оюутолгой” ХХК-ийн орон нутгийн харилцааны ерөнхий менежер Ш.Байгальмаа өнөөдөр болсон уулзалт дээр мэдэгдлээ.


Харин өмнө нь малчид гомдлоо омбудсмений газраар хэрхэн шийдүүлж ирсэн талаар уулзалтад оролцсон Эрхзүйн хяналт, нийцэл, зөвлөгөө өгөх омбудсмений газрын Маргаан шийдвэрлэх ахлах мэргэжилтэн Скотт Адамсаас тодруулвал, “Манайх хувийн хэвшлийн ААН, компаниудтай холбоотой гарсан гомдлыг шийдвэрлэдэг. Хөндлөнгөөс ажиглан чиглүүлэх зорилгоор ажилладаг. Бидний үүрэг бол хоёр талын маргаан, гомдлыг ширээний ард шийдвэрлүүлэх нөхцөлийг бүрдүүлж, зөвлөгөө өгөхөд голлон оршдог. Асуудлыг хамтдаа тодорхойлон шийдэх арга замыг хайх нь чухал нөлөөтэй байдаг. Яг ингэж ажилласнаар Монголын малчид “Оюутолгой” компанийн хооронд цаашид санал гомдлоо зөвшилцөж байх хэлэлцээр байгуулснаар бидний хувьд эрхзүй, үйл ажиллагааны оролцоо дуусаж байна” гэлээ.


                                                                                                                                                    Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Связанные новости