Трамп: Голаны өндөрлөгийг Израилийн газар нутгаар хүлээн зөвшөөрөх цаг нь болсон
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /RIA Novosti/. Голаны өндөрлөгийг Израил улсын нутаг мөн гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг нь болсон гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт мэдэгджээ "Голаны өндөрлөг бол стратегийн хувьд маш чухал ач холбогдолтой бөгөөд Израил болон бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад чухал газар юм" гэж тэрбээр “Twitter” хуудсандаа бичжээ.
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-д айлчлахын өмнө болон Израилд дөрөвдүгээр сард болох сонгуулийн өмнө Трамп ийнхүү мэдэгдлээ. Биньямин Нетаньяху ирэх долоо хоногт АНУ-д айлчилна.
Дэлхийн улс орнуудын эрх баригчдын хариу мэдэгдлүүд
Сири улс эзэмшилдээ авахыг зорьж буй Голаны өндөрлөгийг Израилийн нутаг мөн гэж хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаад Биньямин Нетаньяху АНУ-ын Ерөнхийлөгчид талархаж буйгаа илэрхийлжээ. “Ираны эрх баригчид Израил улсыг устгах зорилгодоо Сири улсыг түшиц газрын хувиар ашиглахыг эрмэлзэж байгаа энэ үед Ерөнхийлөгч Трамп Голаны өндөрлөгийг Израилийн нутаг гэж зоригтойгоор хүлээн зөвшөөрч байна. Ерөнхийлөгч Трампт баярлалаа” гэж Нетаньяху “Twitter” хуудсандаа бичсэн байна.
Харин Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу мэдэгдэхдээ, Сири улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлын эсрэг чиглэсэн Израилийн эрх баригчдын үйлдлийг хүчин төгөлдөр болгох гэсэн АНУ-ын оролдлого нь олон улсын хууль, эрх зүйг зөрчиж байгаа бөгөөд бүс нутагт хүчирхийлэл улам бүр даамжрахад хүргэнэ гэв. Трампын мэдэгдлийг мөн Туркийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга эрс шүүмжилжээ.
“Европын Холбооны байр суурь өөрчлөгдөөгүй. Тус холбоо олон улсын хууль, эрх зүйн дагуу Голаны өндөрлөгийг Израилийн газар нутгаар хүлээн зөвшөөрөхгүй” гэж ЕХ-ны дипломат албаны төлөөлөгч Майя Косьянчич мэдэгдсэн байна.
Арабын улсуудын холбоо Израил улсын эзлэн авсан Голаны өндөрлөгийг Сири улс эзэмших эрхийг бүрэн дэмжинэ гэж тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Абуль Гейт пүрэв гарагийн орой мэдэгдэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Голаны өндөрлөгийн харьяаллын талаар маш хариуцлагагүй мэдэгдэл хийлээ гэж Сирийн Гадаад хэргийн яам мэдэгджээ.
ОХУ Голаны өндөрлөгийг Израилийн нутгаар хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж Холбооны Зөвлөлийн олон улсын хорооны гишүүн Олег Морозов мэдэгдсэн байна.
Голаны өндөрлөг
Голаны өндөрлөг 1967 оныг хүртэл Сири улсын эзэмшилд байсан юм. Зургаан өдөр үргэлжилсэн дайны явцад Израилийн цэргүүд тус өндөрлөгийг эзлэн авчээ. Араб-Израилийн мөргөлдөөний үеэр Варшавын гэрээнд нэгдсэн орнууд Сири, Египет зэрэг улсуудад зэвсэг, техник нийлүүлж байв. 1973 оны Араб-Израилийн дөрөв дэх дайны төгсгөлд талууд түр эвлэрэх гэрээ байгуулжээ. 1974 онд Голаны өндөрлөгт НҮБ-ын энхийн сахиулагчдын харуулын цэгүүдийг байгуулсан байна.
Голаны харьяаллын асуудал нь Израил-Сирийн зөрчилдөөний гол хүчин зүйл хэвээр байгаа юм. Энэ асуудлыг Сирид иргэний дайн эхлэхээс өмнө зохицуулахыг оролдож байв.