Бразилын Ерөнхийлөгч асныг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-03-22 14:31:18

БРАЗИЛИА. /Xinhua/. Бразилын Ерөнхийлөгч асан Мишель Темерийг авлигын хэрэгт холбогдуулан пүрэв гарагт баривчилсан тухай тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.


Бразилын Ерөнхийлөгч асныг баривчлахыг шүүгч Марсело Бретас үүрэг болгосон ба М.Темерийн хамтаар 7 хүнийг баривчилсны дунд Уул уурхай, эрчим хүчний сайд асан Морейра Франко болон хурандаа асан Жоао Баптиста Лима Филхо нар байжээ.


М.Темерийг авлигатай холбогдолтой хэд хэдэн хэрэгт буруутгаж байгаа боловч авлига авсан хэрэгт холбогдуулан баривчилсан аж. Түүнийг “Engevix” барилгын компаниас 1 сая реал буюу 262 мянга орчим ам.долларын авлига авсан хэмээн буруутгасан байна.


Бразилын Ерөнхийлөгчийн албыг 2016-2018 онд хашиж байсан М.Темер нь авлигын хэрэгт холбогдсон тус улсын хоёр дахь Ерөнхийлөгч юм. Ерөнхийлөгч асан Луис Инасиу Лула да Силвад 12 жил нэг сарын хорих ял ногдуулсан ба тэрбээр одоог хүртэл ял эдэлж байгаа ажээ. 

Связанные новости