БНАСАУ-ын цөмийн туршилтын талбай орчимд газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-03-21 11:29:18

СӨҮЛ. /TASS/. БНАСАУ-ын зүүн хойд нутагт орших Умард Хамгён аймгийн Пунгери хошуун дахь цөмийн туршилтын талбай орчимд 2.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Энэ тухай БНСУ-ын Цаг уурын агентлаг мэдээлэв.


“Газар хөдлөлт өглөөний 04 цаг 41 минутад Кильжу хотоос баруун хойд зүгт 41 км болон хамгийн сүүлд цөмийн зургаа дахь туршилтыг газар дор явуулсан "Пунгери" талбайгаас 1 км орчим зайтай болсон байна. Газар хөдлөлтийн голомт нь 10 км-ын гүнд байсан” гэж мэдээлэлд дурджээ.


Энэ нь цөмийн туршилтын дүнд үүссэн газар хөдлөлт биш гэдгийг мэдээлэлд онцлон тэмдэглэсэн байна.


"Пунгери" талбайн орчимд хамгийн сүүлд 2017 оны есдүгээр сард газар хөдөлжээ. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зорилгоор хийж буй сайн дурын арга хэмжээний хувиар уг туршилтын талбайг буулгахаа БНАСАУ-ын эрх баригчид өнгөрсөн оны тавдугаар сард мэдэгдсэн бөгөөд гадаадын сэтгүүлчдийг байлцуулан хонгилууд болон байгууламжуудыг нь дэлбэлсэн билээ.

Связанные новости