Эрдоган цаазаар авах ялыг сэргээхэд бэлэн байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАНКАРА. /Anadolu/. Турк улсын Ерөнхийлөгч Тайип Эрдоган тус улсад цаазаар авах ялыг сэргээхэд бэлэн байгаагаа мягмар гарагт Эрегли хотод уулзалт зохион байгуулах үеэрээ дахин мэдэгджээ.
“Бид цаазын ялыг халж, алдаа гаргасан. Үүнийг би алдаа гэж бодож байна. Учир нь 2016 оны долдугаар сарын 15-ны шөнө төрийн эргэлт хийх оролдлогын үеэр манай улсын 251 иргэн амиа алдсан. Хэрэв гэмт этгээдүүд үлдсэн насаа торны цаана өнгөрүүлэх болбол тэднийг тэжээх хэрэгтэй болно. Үүнтэй холбоотойгоор хэрэв манай улсын парламент цаазаар авах ялыг сэргээх шийдвэр гаргавал, би энэ шийдвэрийг батална” гэж Эрдоган хэлсэн байна.
Туркийн Ерөнхийлөгч тус улсад цаазын ялыг сэргээхэд бэлэн байгаагаа 2018 оны наймдугаар сард мэдэгдэж байв. Үүний зэрэгцээ, хоёрдугаар сарын сүүлээр тэрбээр улс орондоо цаазаар авах ял хэрэглэснийх нь төлөө Египетийн удирдагчдыг шүүмжилсэн байна. Эрдоган энэ туршлагыг "хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг" гэж нэрлэжээ.