БНХАУ, ЕХ түншлэлийн харилцаагаа бэхжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-03-19 11:35:53

БРЮССЕЛЬ. /Xinhua/. Даваа гарагт Бельгийн нийслэл Брюссель хотноо БНХАУ-Европын Холбооны /ЕХ/ өндөр  дээд түвшний стратегийн яриа хэлэлцээний есдүгээр үе шат болж, энэ үеэр талууд түншлэлийн харилцаагаа бэхжүүлэх хэрэгтэйг онцолсон байна.


Уг хэлэлцээг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И болон ЕХ-ны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд комиссар Федерика Могерини нар хамтран даргалжээ.


БНХАУ болон ЕХ нь стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай болохыг Ван И онцлоод, олон улсын өнөөгийн нөхцөл байдалд хоёр тал үр өгөөжтэй харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, “тогтворжуулагч”-ийн үүрэг гүйцэтгэсээр ирсэн гэж хэлжээ. Мөн тэрбээр, цаашид хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлж, стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэх хэрэгтэйг онцолсон байна.


Ф.Могерини хэлэхдээ, сүүлийн таван жилийн хугацаанд ЕХ-БНХАУ-ын харилцаа олон салбарт шинэ түвшинд хүрсэн хэмээгээд, талууд худалдааны нэг талт болон хамгаалалтын бодлогын эсрэг нийтлэг байр суурийг илэрхийлсээр ирсэн гэж  мэдэгдсэн байна.  


ЕХ Хятад улсыг зөвхөн эдийн засгийн төдийгүй улс төрийн чухал түнш хэмээн үздэг хэмээн Ф.Могерини онцолжээ. Мөн тэрбээр ЕХ Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгааг дурдаад, аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт БНХАУ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.


Талууд мөн олон улсын өнөөгийн нөхцөл байдал, томоохон улс орнуудын харилцаа хийгээд дэлхий дахин, бүс нутагт өрнөж буй асуудлуудын талаар санал бодлоо солилцсон байна.  


Үүний зэрэгцээ БНХАУ-ын Гадаад хэргийн сайд анх удаа ЕХ-ны гишүүн 28 орны Гадаад хэргийн сайд нартай уулзаж, ЕХ-БНХАУ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх тухай хэлэлцжээ.

Связанные новости