Бүгд найрамдахчууд Д.Трампын эсрэг санал өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-03-15 14:15:37

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-Мексикийн хилийн дагуу хана барих санхүүжилттэй холбоотойгоор улс даяар онц байдал зарласан Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийг цуцлах санал хураалтад Бүгд найрамдах намын гишүүд түүний эсрэг санал өгсөн байна.


Бүгд найрамдах намын 12 сенатч Ардчилсан намын сенатчидтай ижил байр суурь илэрхийлснээр Д.Трампын зарласан онц байдлыг хүчингүй болгожээ. 


Пүрэв гарагт болсон санал хураалтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч “ХОРИГ” гэж жиргээд, манай улсад гэмт хэрэг, мансууруулах бодис, хүний наймаа газар авч буй үед Ардчилсан намынхан “хилийг нээх” шийдвэрийг дэмжиж байна” гэж “Твиттер” хуудсандаа нийтэлжээ.


Хэрэв Ерөнхийлөгч хориг тавьсан тохиолдолд хоёр танхимын гишүүдийн гуравны хоёрын саналаар хоригийг хүчингүй болгох боломжтой юм.

 

Конгрессын танхимын гишүүд АНУ-Мексикийн хилийн дагуу хана барихад санхүүжилт олгохоос татгалзсаны дараа буюу өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Ерөнхийлөгч улс даяар онц байдал зарласан юм. Хилийн дагуу хана барих нь сонгуулийн кампанит ажлынхаа үеэр түүний өгсөн гол амлалтуудын нэг билээ.


Тэрбээр онц байдал зарласнаар Конгрессын гишүүдийн зөвшөөрлийг тойрон гарч, ханын санхүүжилтийг зэвсэгт хүчний төсвөөс суутгахаар төлөвлөж байсан юм.

Связанные новости