Ө.Энхтүвшин: Монголын төр иргэдээ гамшиг ослоос хамгаалахад гар татахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2019-03-13 14:12:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй "Эко-Алтан заамар" компанийн уурхайд болсон ослын үеэр нурангид дарагдсан иргэдийг аврах ажиллагаанд оролцсон онцгой байдлын алба хаагчдыг Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Тус уурхайд өнгөрсөн сарын 28-нд нуралт үүсэж, зургаан хүн дарагдсан бөгөөд онцгой байдлын аврагчид хоёр иргэнийг нуранги доороос эсэн мэнд гаргасан юм. Онцгой байдлын алба хаагчид нуранги дотор эрэн хайх ажиллагааг ес хоног тасралтгүй өрнүүлж, дөрвөн цогцсыг гаргасан. Уурхайн гүнд их хэмжээний устай байснаас гадна, хажуугийн хананаас байнга хүйтэн ус шүүрч байжээ. Үүнээс үүдэн дахин нурж, аврагчид эндэх эрсдэлтэй байсан ч эрэн хайх ажиллагааг амжилттай зохион байгуулсныг ОБЕГ-ын удирдлагууд Шадар сайдад танилцууллаа.


Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин, аврах, эрэн хайх ажиллагааг амжилттай зохион байгуулсанд баяр хүргээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын онцгой байдлын алба хаагчдад амжилт хүсэж, баяр хүргэснийг мөн уламжлав.

Baramsai Chadraabal-н зураг.

Тэрбээр, “Онцгой байдлын алба хаагчид цас зуд, ган гачиг,, аваар ослын үеэр өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж ирсэн. Тиймээс ч энэ оноос эхлэн алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангахаар энэ оны нэгдүгээр сарын 01-нээс онцгой нөхцөлийн нэмэгдэл, мэргэжлийн зэргийн нэмэгдэл, онцгой гавьяа байгуулсны шагнал олгож эхэлсэн” хэмээв.

Baramsai Chadraabal-н зураг.

Онцгой байдлын албаны ажлыг сайжруулахын тулд гал унтраах, шумбалтын болон бусад аврах хэрэгслийн хангамжийг нэмэх зайлшгүй шаардлагатай байгааг алба хаагчид онцолж байлаа. Тухайлбал, Архангай аймгийн Өгий нуурт хийж буй аврах ажиллагааны сургалтад оролцож буй 20 аврагч дөрвөн ширхэг усны хувцастайгаар ээлжлэн бэлтгэл хийж байгааг дурдсан юм.


Гамшиг, ослоос урдчилан сэргийлэхэд зарцуулсан нэг ам.доллар гамшгийн дараах нөхөн сэргээлт хийх 15 ам.доллартой тэнцдэг гэдгийг Шадар сайд хэлээд, “Онцгой байдлын алба хаагчдыг хувцас, хэрэглэлээр сайн хангахад анхаарч ажиллана. Монголын төр иргэдээ гамшиг ослоос хамгаалахад зориулж хөрөнгө гаргахад гар татахгүй” гэлээ.


Энэ үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал "Эко-Алтан заамар" компанийн уурхайд болсон ослын үеэр хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн 36 алба хаагчийг төрийн одон, медалиар шагнуулах тодорхойлолтыг Шадар сайдад гардуулсан юм.

Связанные новости