“Boeing 737 Max 8” нислэг үйлдэхэд аюулгүй гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-03-12 11:58:46

ВАШИНГТОН. /ABC/. Boeing 737 Max 8” загварын нисэх онгоцыг аюулгүй гэж үзэж байгаагаа АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газар /FAA/ мэдэгджээ. 


Сүүлийн зургаан сарын хугацаанд олон хүний амь эрсэдсэн хоёр том осол гарсаны улмаас уг нисэх онгоц осолдох эрсдэлтэй гэх айдас олон нийтийн дунд тархаад байсан юм.


Өнгөрсөн ням гарагт Этиопын нийслэл Аддис Абеба хотоос Найроби хотыг зорин хөөрсөн “Ethiopian Airlines” компанийн нисэх онгоц осолдсоны улмаас 157 хүн амиа алдсан юм. Үүнээс гадна өнгөрсөн оны 10 дугаар сард Индонезын агаарын тээврийн “Lion Air” компанийн “Boeing 737 Max 8” онгоц Явагийн тэнгист осолдсоны улмаас 189 хүн амиа алдсан билээ.


Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн дуусах хүртэл дээрх загварын нисэх онгоцнуудаар нислэг үйлдэхийг хориглохыг нисэх салбарын зарим төлөөлөгч уриалж байна. Харин даваа гарагийн орой АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газраас “Boeing 737 Max 8” загварын нисэх онгоцыг нислэг үйлдэхэд аюулгүй гэж мэдэгдсэн юм.


АНУ-ын Тээврийн сайд Элейн Чао хэлэхдээ, хэрэв уг нисэх онгоцонд ямар нэг доголдол илрэх аваас нэн даруй, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно гэжээ. 


БНХАУ, Индонез болон Этиопт дээрх загварын нисэх онгоцоор нислэг үйлдэхгүй байхыг агаарын тээврийн компаниуддаа үүрэг болгоод байгаа аж. Агаарын тээврийн бусад компанийн хувьд “Boeing” компаниас аюулгүй гэх мэдэгдлийг хийсний дараа нислэгээ хэвийн үргэлжлүүлж эхэлсэн байна.


Ташрамд дурдахад, Этиопт болсон осолтой холбоотойгоор “Boeing” компанийн хувьцаа даваа гарагт 12.9 хувиар унажээ. 

Связанные новости