Ө.Энхтүвшин: "Эко-Алтан заамар" ХХК-ийн уурхайд болсон ослын шалтгаан өнөөдөр тодорхой болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2019-03-06 14:20:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй "Эко-Алтан заамар" ХХК-ийн уурхайд болсон ослын талаар өнөөдөр Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийв.

Тус уурхайд өнгөрсөн сарын 28-нд нуралт үүсч, 6 хүн дарагдсан бөгөөд онцгой байдлын аврагчид хоёр иргэнийг нурангин доороос эсэн мэнд гарган авсан юм. Мөн энэ сарын 01-нд нэг, 03-нд нэг иргэний цогцсыг гаргасан бол өнөөдөр 12:55 цагт гурав дахь иргэний цогцсыг гаргажээ. Одоогоор нэг хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм. Уг асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, тухайн уурхайд дахин нуралт үүсч аврагчид өртөхөөс сэргийлэх, бусад уурхайнуудад нэн даруй шалгалт хийх үүрэг өгсөн гэдгийг Шадар сайд онцлов.

Тэрбээр, “Ослын газарт нийт 259 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Мөн уурхайн 80 метр гүнд 8 албан хаагч 20 минутын хугацаатай ээлжлэн шумбалт хийж байгаа юм. Уурхайн гүнд их хэмжээний устай байгаагаас гадна, хажуугийн хананаас байнга хүйтэн ус шүүрч байгаа тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулахад хүндрэлтэй байгаа. Цаашлаад хананаас шүүрч буй уснаас үүдэн дахин нуралт үүсч, аврагчид дарагдах магадлалтай. Осол болсноос хойш 7 хоног өнгөрсөн тул үлдсэн нэг хүнийг эсэн мэнд олох магадлал байхгүй. Нурангид дарагдсан иргэний ар гэрийнхэн онцгой байдлын албан хаагчид эрсдэлтэй нөхцөлд, чадварлаг ажиллаж байгааг онцолж байсан. Ослын шалтгаан өнөөдөр тодорхой болно” гэлээ.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-"Эко-Алтан заамар" ХХК-ийн удирдлагуудтай уулзсан уу?

-"Эко-Алтан заамар" ХХК-ийн захирал өвчинтэй байгаа тул уулзаж чадаагүй. Харин түүний нөхөр болон тус компанийн хувьцаа эзэмшигч нар ослын голомтод ажиллаж байгаа.

-Тус компани амь эрсэдсэн ажилтнуудынхаа ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгох уу?

-Ар гэрийнхэнд нь тус бүр 2 өрөө байр, 50 сая төгрөг олгоно гэдгээ хэлсэн.

-Өнгөрсөн онд мөн "Эко-Алтан заамар" ХХК-ийн уурхайд осол гарч нэг хүн амь эрсэдсэн?

-Энэ талаар надад мэдээлэл ирсэн. Тиймээс энэ компанийн удирдлагуудтай хариуцлага тооцох болно.

-"Эко-Алтан заамар" ХХК-ийн удирдлагууд осол газар хөдлөлтөөс шалтгаалсан хэмээн тайлбарлаж байгаа?

-Компанийн удирдлагууд Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс авсан бичгээ бидэнд танилцуулсан. Уг бичигт, “2019 оны 02 сарын 27-ны 22.45 цагт тус уурхайн орчимд 4 магнитутын газар хөдлөлт болсон байна” гэсэн байна. Гэвч  осол маргааш нь буюу өнгөрсөн сарын 28-нд болсон тул газар хөдлөлтөөс үүдсэн гэж үзэх үндэслэл байхгүй.

-Бусад уурхайнуудад шалгалт хийх үү?

-Одоогоор 100 гаруй уурхай үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Эдгээр уурхайнд шалгалт хийж, шаардлага хангахгүй бол ажлыг нь зогсоох үүргийг Засгийн газар өгсөн.

Связанные новости