М.Мөнхбаатар: Манай компани улсаас ямар ч мөнгө аваагүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийн асуудлаар Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголын коппер корпорэйшн" ХХК-ийн захирал Ц.Пүрэвтүвшин нар Эрүүгийн цагдаагийн алба /ЭЦА/-нд мэдүүлэг өгч дуусав.
Тэд ЭЦА-ны байрнаас гарч явахын өмнөхөн "Монголын коппер корпорэйшн" ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар гэрчийн мэдүүлэг өгөхөөр ЭЦА-нд ирсэн юм.
Тэрээр олон нийтийн анхаарлыг татаад буй энэ асуудлаар сэтгүүлчдэд тайлбар өгөхдөө, "ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр хуулийн байгууллагад үүрэг өгсний дагуу биднийг шалгаж байгаа гэж ойлгож байна. Манай компани улсаас ямар ч мөнгө аваагүй бөгөөд ХХБ-тай зөвхөн зээлийн харилцаатай. Хуулийн байгууллага шударга, шуурхай ажиллавал энэ асуудал ойрын хугацаанд шийдэгдэх байх. Миний хувьд, энэ үйлдлийг удахгүй болох "Эрдэнэт үйлдвэр"-ийн 51 хувьтай холбоотой шүүх хурлыг дарах зорилготой гэж хардаж байна. Манай компани энэ үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг. 49 хувийг худалдаж авсан гэрээ хэлэлцээр хүчингүй болбол энэ хувь ОХУ-ын "Ростех" корпорацийн өмчлөлд буцна” гэлээ.
Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон нарыг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас өнөөдөр өглөө 11 цагийн орчимд мэдүүлэг авахаар саатуулсан. Мөн “Монголын коппер корпорейшн” ХХК-ийн захирал Ц.Пүрэвтүвшингээс байцаалт авахаар мөн тус албанд дуудаж ирүүлээд байв.
Тэднийг ямар үндэслэлээр шалгаж байгааг ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад, "ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн хувьчлалтай холбоотой асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.
Харин ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьчлалтай холбоотой асуудлаар өчигдөр мэдээлэхдээ, “Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг авах боломж тухайн үеийн Засгийн газарт байсан ч хувийн аж ахуйн нэгжид давуу байдал олгож "Монголын коппер корпорэйшн" ХХК-д худалдсан. 49 хувийг худалдан авсан 400 гаруй сая ам.долларын 72.4 хувийг төрөөс, үлдэх 27.6 хувийг Худалдаа хөгжлийн банк гаргасан байх магадлалтай" гэж танилцуулсан юм.
Гэрэл зургийг: Б.Чадраабал