Алабама муж улсад хар салхи дэгдсэний улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-03-04 11:38:47

ВАШИНГТОН. /Reuters/. Өнгөрсөн ням гарагт АНУ-ын Алабама муж улсын Ли тойрогт хар салхи дэгдсэний улмаас 14 хүн амиа алдсаны дунд хүүхдүүд байсан тухай тус тойргийн шериф Жей Жонс мэдэгдэв.


“Аврах багийн ажилтнууд олон зуун байшингийн нурангиас амиа алдсан болон гэмтсэн хүмүүсийг гаргасан. Зарим хүний биеийн байдал тун хүнд байгаа тул амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй” гэж Ж.Жонес мэдээлсэн байна.


“Алабама муж улстай хил залгаа оршдог Жоржия муж улсад шуурганы улмаас модод үндсээрээ булгарч, олон байшин барилга сүйдэж, 21 мянган өрхийн цахилгаан хангамж тасалдсан. Ням гарагийн орой гэхэд дээрх тоог тэн хагаст хүргэж бууруулсан” гэж тус муж улсын цахилгаан түгээх сүлжээний хэвлэлийн албаны төлөөлөгч Мередит Стоун мэдээлжээ.


Алабама муж улсын захирагч Кей Айви “Твиттер” хуудсаараа дамжуулан илүү аюултай цаг агаарын үзэгдэл тохиож болзошгүйг оршин суугчдад анхааруулаад, шуургад нэрвэгдсэн гэр бүлүүдэд муж улсын зүгээс тусламж үзүүлэхээр ажиллаж байна гэж мэдэгдсэн байна.


“Шуурганы улмаас 10 мянга гаруй өрхийн цахилгаан хангамж тасалдсан” гэж Алабама муж улсын цахилгаан түгээх сүлжээнээс мэдээлснийг Birmingham” сонин иш татан уламжилжээ. 

Связанные новости