Путин Энэтхэгийн Ерөнхий сайдтай утсаар ярьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой утсаар ярьж, олон улсын терроризмын асуудлыг хэлэлцжээ. Тэрбээр мөн Энэтхэг, Пакистаны харилцаанд үүссэн хямралыг удахгүй зохицуулна гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна. Энэ тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв.
ОХУ-ын Ерөнхиийлөгч хоёрдугаар сарын 14-нд Энэтхэгийн цэргүүдийн эсрэг террорист халдлага үйлдсэн хэрэгт холбогдуулан дахин эмгэнэл илэрхийлсэн байна. “Үүнтэй холбоотойгоор хоёр орны удирдагчид олон улсын терроризм болон түүний аливаа хэлбэрийг зэмлэн буруушаагаад, террорист аюул заналтай тууштай хийх тэмцлээ эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг цохон тэмдэглэлээ” гэж мэдээлэлд дурджээ.
Энэтхэг, Пакистаны хооронд үүссэн хямралын нөхцөл байдлын талаар хэлэлцэх үеэрээ Путин хямралыг удахгүй зохицуулна гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Үүнээс гадна, хоёр талын харилцааны тулгамдсан асуудлуудыг хөнджээ. Орос-Энэтхэгийн хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн хүрээнд амжилттай хөгжиж байгааг ОХУ-ын төрийн тэргүүн онцолсон байна. “Хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх салбарт, тухайлбал, цэрэг-техникийн салбарт гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв” гэж Кремлийн хэвлэлийн албаны мэдээлэлд цохон тэмдэглэжээ.
Путин мөн Владивостокт есдүгээр сард болох Зүүн Азийн бүс нутгийн эдийн засгийн чуулга уулзалтад Энэтхэгийн Ерөнхий сайдыг хүндэт зочны хувиар оролцохыг урьсан байна.