Тусгай дохио зөвшөөрөлгүй тавьсан автомашины мэдээлэл иргэдээс авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Зарим албан тушаалтан тусгай дуут, гэрэл дохиог зөвшөөрөлгүй ашиглах,
хориглосон байдлаар тээврийн хэрэгсэлд байрлуулах зөрчил их байгаа аж. Тиймээс тээврийн цагдаагийн алба зөвшөөрөлгүй болон стандарт хангаагүй тусгай дуут, гэрэл дохио ашиглаж байгаа тээврийн хэрэгслийн мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан бүртгэж, хариуцлага тооцох юм байна.
Тусгай дуут, гэрэл дохиог хэрэглэх эрх бүхий байгууллагын тээврийн хэрэгсэл нь MNS 4979:2016 стандартад зааснаар бүхээгний дээр голлуулан эргэн тойрон 360 хэмд харагдахаар байрлуулна гэж хуулинд заажээ. Гэвч энэ заалтыг зөрчиж тээврийн хэрэгслийн урд нүүр, буферт, копутны дотор далд нууж байрлуулж байгаа нь Замын хөдөлгөөний дүрмийн 4.8 хэсэг болон Зөрчлийн тухай хуулийн 14.7.16 дахь заалтыг зөрчиж байгаа үйлдэл юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/292 тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-д зааснаар зөвхөн шуурхай ажлын, тусгай тоноглогдсон тээврийн хэрэгсэлд стандартын шаардлага хангасан тусгай дуут болон гэрлэн дохиог тавьж хэрэглэхээр заасан байдаг аж.