Энэтхэг, Пакистаны цэргийн хүчин чадлыг харьцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАНКАРА. /Anadolu/. Цөмийн зэвсэгтэй Энэтхэг, Пакистан улсын хоорондох зөрчил улам бүр хурцдаж байгаа энэ үед олон улсын шинжээчид хоёр орны батлан хамгаалах салбарын хүчин чадлыг харьцуулсан хамгийн сүүлийн үеийн тайланг гаргажээ.
Тайланг Олон улсын стратегийн судалгааны хүрээлэн болон АНУ-д төвтэй Зэвсэглэлийн хяналтын холбоо хамтран гаргасан бөгөөд уг тайлангаас үзвэл хоёр улсын зэвсэгт хүчний хүчин чадалд тэнцвэргүй байдал байгаа ажээ.
Батлан хамгаалах салбарт зарцуулж байгаа хөрөнгийн хувьд, Пакистан улс батлан хамгаалах салбартаа 11 тэрбум ам.доллар /ДНБ-нийх нь 3.6 хувь/ зарцуулдаг бол Энэтхэг улс ДНБ-нийхээ 2.1 хувь буюу 58 тэрбум ам.долларыг батлан хамгаалах салбартаа зарцуулдаг байна.
Цэргийн бие бүрэлдэхүүний хувьд, Пакистан улс нийт 200 сая хүн амтай бөгөөд байнгын цэргийн албан хаагчийн тоо 653 мянга бол хөрш Энэтхэг улс 1.3 тэрбум хүн амтай бөгөөд байнгын цэргийн албан хаагчийн тоо нь 1.4 сая ажээ.
Хуурай замын хүчний зэвсэглэлийн хүчин чадлын хувьд, Пакистан улс 2496 танк, 1605 хуягт тээвэрлэгч, 4472 их буутай бол Энэтхэг улс 3565 гаруй танк, 336 хуягт тээвэрлэгч, 9719 их буутай аж.
Агаарын цэргийн хүчний хувьд, Энэтхэгийн тал байлдааны 814 нисэх онгоцтой бол Пакистан улс 425 байлдааны нисэх онгоцтой байна.
Тэнгисийн цэргийн хүчний хувьд, Энэтхэгийн тэнгисийн цэргийн хүчний байнгын бие бүрэлдэхүүнд 67 мянган цэрэг, нисэх онгоц тээгч хөлөг онгоц 1, шумбагч онгоц 16, харуулын хөлөг онгоц 13, байлдааны хөлөг онгоц 14, эргүүл болон далайн эргийн байлдааны хөлөг онгоц 106, байлдааны үйл ажиллагаанд оролцох чадвартай нисэх онгоц 75 ширхэг байдаг байна.
Харин Пакистаны тэнгисийн цэргийн хүчний байнгын бие бүрэлдэхүүнд 23,800 цэрэг, шумбагч онгоц 8, харуулын хөлөг онгоц 9, эргүүл болон далайн эрэг орчмын байлдааны хөлөг онгоц 17, байлдааны чадвартай нисэх онгоц 8 байгаа аж.
Цөмийн зэвсэглэлийн хувьд, Энэтхэг улс 130-140 ширхэг цөмийн цэнэгт хошуутай бол хөрш Пакистан улс 140-150 цөмийн цэнэгт хошуутай гэж тайланд дурджээ.