АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-02-20 18:02:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Клеческиг хүлээн авч уулзав. Элчин сайд М.Клечески Монгол Улсад ажиллах Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг Дэд сайдад гардуулав.

Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын чухал гуравдагч хөрш,  түнш орон АНУ-тай хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Элчин сайдыг Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа нэн идэвхтэй хөгжиж байгаа цаг үед үүрэгт ажилдаа орж байгааг онцлон тэмдэглэв. Мөн хамтын ажиллагааны энэхүү далайцыг улам нэмэгдүүлэхийн төлөө ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Монгол, Америкийн бат бэх хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхийн төлөө ажиллахаа мэдэгдэв.


Цаашид хоёр орны хооронд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, эдийн засгийг өргөжүүлэх тухай замын зураглал, МСК-ийн хоёр дахь компакт гэрээг амжилттай хэрэгжүүлэх, “Монгол, Америкийн залуучуудын жил”-ийг тэмдэглэх, улмаар улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаарх уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа “Өргөтгөсөн иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүрснийг хоёр тал 2018 онд зарласан билээ.

Связанные новости