Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлж байгаа байдлыг хянана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хянаж, зөрчил дутагдлыг арилгах албан бичиг, зөвлөмжийг аймаг, дүүргийн засаг дарга нарт хүргүүлсэн тухай ШӨХТГ-аас өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
ШӨХТГ мөн зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг өнгөрсөн сард хянажээ. Шалгалтын үеэр зарим ААН, байгууллага цахим орчинд согтууруулах ундаа сурталчилсан зөрчил илэрсэн байна. Тодруулбал, “Наран март” ХХК нь өнгөрсөн сарын 21-27-нд “Австрали брендийн танилцуулах өдөр” хэмээх зар мэдээндээ согтууруулах ундаа сурталчилжээ.
Энэ нь согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээний талаар төрөл бүрийн сугалаа, хонжвор, урамшуулалт худалдаа явуулахыг хориглох хуулийн заалтыг зөрчсөн байна. Зөрчлийн тухай хуулиар тус компанийг таван сая төгрөгөөр торгожээ. Мөн сүүлийн үед сүлжээ дэлгүүр, шөнийн цэнгээний газар, ресторан зоогийн газар фэйсбүүк хуудсаараа согтууруулах ундаа сурталчлах нь элбэг болсон байна. Тиймээс эдгээр зөрчлийг хянаж шалгах ажлыг үргэлжлүүлэхээ тус газраас мэдэгдлээ.
Сүүлийн үед олны анхааралд буй "KFC зайсан" салбарт ажилласан талаараа ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам танилцуулав.
Тэрбээр, “КФС зайсан салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод орсон. Хохирогч иргэд манай байгууллагад хандсан. Энэ дагуу “Таван богд хүнс” ХХК-ийн удирдлагуудаас хохирлыг хэрхэн барагдуулах талаар тайлбар авахаар боллоо. Өнөөдөр тус компанийн удирдах албан тушаалтнууд манай байгууллагын төлөөлөлтэй уулзана.
ШӨХТГ-ын даргын өгсөн үүрэг, чиглэлээр энэ сарын 13-ны өдрөөс ажлын хэсэг гарч, тус хоолны газрыг хянаж шалгаж, ХӨСҮТ-д ажилласан юм. 247 хүн хоолонд хордож, 44 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Хэвтэн эмчлүүлсэн иргэдийн 24 нь хүүхэд юм" гэв.
Мөн тус газар Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хянахаар төлөвлөжээ. ШӨХТГ-аас гудамж талбайд байрлуулсан ААН-ийн хаяг, сурталчилгааны самбар Монгол хэлний тухай хуулийг хэрхэн хангаж байгааг шалгажээ. Шалгах ажлын хүрээнд гудамж, талбайд байрлуулсан олон нийтэд зориулсан зар, мэдээлэл, байгууллагын хаягт гадаад хэлний үг хэрэглэсэн зөрчил их байгаа аж. Иймээс дээрх зөрчил дутагдлыг арилгах албан бичиг, зөвлөмжийг аймаг, дүүргийн засаг дарга нарт хүргүүлсэн байна.
Тус газар Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичиг энэ сарын 13-нд байгуулсан байна. Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд дараах үндсэн чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна. Үүнд:
- Төрийн албан ёсны хэлээр гарч байгаа олон нийтэд зориулсан хэвлэл мэдээлэл нь орчин цагийн монгол хэл, утга зохиолын хэлний хэм хэмжээ нэр томьёог баримталж буй эсэхийг хянах
- Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаад улсын хуулийн этгээд, төрийн бус байгууллага нь бүхий л баримт бичгийг Монгол Улсын албан ёсны хэлээр хөтлөх,
- Гудамж талбайд ил задгай байршуулсан ААН, байгууллагын сурталчилгааны самбар, хаягт хяналт тавьж ажиллах,
- Бараа, үйлчилгээний сурталчилгаа, шошго нь монгол хэлний тухай хууль тогтоомж болон холбогдох стандартад нийцэж байгаа эсэхийг шалгаж, зөрчилд санал хүргүүлэх аж.