“Дипломатуудын өвлийн XIX тоглолт”-д оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-02-19 12:07:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломат төлөөлөгчдийн газруудад үйлчлэх Ерөнхий газраас жил бүр зохион байгуулдаг  “Дипломатуудын өвлийн XIX тоглолт” энэ сарын 16-нд Москва мужийн Красногорск тойрогт байрлах «Москоу Кантри Клаб»-т болов.

Тоглолтыг нээж ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломат төлөөлөгчдийн газруудад үйлчлэх Ерөнхий газрын захирал В.А.Логутов, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын Олон улсын байнгын хорооны Нэгдүгээр орлогч дарга, Олимпийн аварга С.С.Журова, Москва мужийн Красногорск тойргийн тэргүүн Э.А.Хаймурзина, Олимпийн гурван удаагийн аварга, дэлхийн есөн удаагийн аварга  Г.Е.Горохова нар үг хэлэв.

Олимпийн аварга Г.Е.Горохова хэлсэн үгэндээ “19 жилийн өмнө энэхүү тоглолтыг санаачлан, хамтран зохион байгуулж байх үедээ амжилттай болох эсэх, хэрхэн удаан үргэлжлэх зэрэгт сэтгэл зовниж байж билээ. Дипломатуудын өвлийн тоглолтын цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж энэ удаагийн тоглолтод 40 баг оролцож байгаад миний бие сэтгэл нэн хангалуун байна” гээд оролцогчдод амжилт хүсэв.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны хамт олон Дипломат ажилтан нарын өвлийн XIX тоглолтод спортын дөрвөн төрөлд амжилттай оролцов.

Ширээний теннисний эмэгтэйчүүдийн төрөлд Консулын хэлтсийн техник ажилтан Ч.Чимгээ хоёрдугаар байр, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа гуравдугаар байр эзлэв. Энэхүү төрөлд тоглолтын эзэн багийн тамирчин буюу «Москоу Кантри Клаб»-ийн Эрүүл мэндийн төвийн ажилтан Н.С. Иванишина тэргүүн байр эзэлсэн байна.

Тоглолтын үеэр Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа уг арга хэмжээнд оролцсон ОХУ-ын Гадаад хэргийн яамны холбогдох албан тушаалтнууд болон Москва хотноо ажиллаж буй Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн  нартай нөхөрсөг яриа өрнүүлсэн бөгөөд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг Бүгд Найрамдах Солонгос Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Юн Гын, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Ким Хён Чжун нар ширээний теннисний нөхөрсөг тоглолтод урьсан байна.

Связанные новости