М.Горбачев: Дэлхийн улс төрийн бодлогыг урьдчилан таамаглах аргагүй болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /TASS/. Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах гэрээнээс татгалзах нь бүх орны аюулгүй байдлыг эрсдэлд оруулж, эмх замбараагүй байдал үүсгэхийн зэрэгцээ дэлхийн улс төрийн бодлогыг урьдчилан таамаглах аргагүй байдалд хүргэнэ гэж ЗХУ-ын Ерөнхийлөгч асан Михаил Горбачев үзэж байна. Тэрбээр энэ тухайгаа "Ведомости" сонины лхагва гарагийн дугаарт гаргасан нийтлэлдээ мэдэгджээ.
“Энэ удаагийн хор хөнөөлтэй эргэлтийн үр дагавар нь огт өөр байх болно. Дэлхийн стратегийн байдал тогтворгүй болж, зэвсэглэлийн шинэ хөөцөлдөөнийг эхлүүлж, эмх замбараагүй байдал үүсгэн, дэлхийн улс төрийн бодлогыг урьдчилан таамаглах аргагүй байдалд хүргэнэ. Энэ бүхнээс дэлхийн улс орнуудын, тэр дундаа АНУ-ын аюулгүй байдал хохирол амсана. Цаг бусын бөгөөд хяналтгүй эдгээр үйл явцын логик дүгнэлт ийм байна” гэж Горбачев бичсэн байна.
Үүнээс гадна, ЗХУ-ын Ерөнхийлөгч асан АНУ-ын Конгрессын гишүүдэд хандаж, цөмийн зэвсгийн асуудлаар Орос улстай хэлэлцээ хийж эхлэхийг уриалжээ. “Америкчуудад, ялангуяа Конгресс дахь Бүгд Найрамдах нам болон Ардчилсан намын гишүүдэд хандаж би үг хэлмээр байна. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд үүсэн бий болсон АНУ-ын дотоод улс төрийн хурцадмал байдал үнэн хэрэгтээ манай хоёр улсын хооронд бүх сэдвээрх, түүний дотор цөмийн зэвсгийн асуудлаарх хэлэлцээг тасалдуулахад хүргэсэн. Нам хоорондын зөрчилдөөнийг даван туулж, нухацтай яриа хэлэлцээг эхлүүлэх цаг нь болсон. Орос улс үүнд бэлэн гэдэгт итгэлтэй байна” гэж тэрбээр нийтлэлдээ дурджээ.
Улстөрчид үүсээд буй нөхцөл байдлыг ухамсарлаж, дэлхий дахинд зэвсэглэлийн шинэ хөөцөлдөөн эхлүүлэхгүй байх арга хэмжээ авах ёстой гэж Горбачев цохон тэмдэглэсэн байна.
Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийн дагуу уг гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээ тус улс хоёрдугаар сарын 2-ноос эхлэн зогсоож, гэрээнээс гарах үйл явцыг эхлүүлсэн бөгөөд энэ үйл явц зургаан сарын дараа дуусах ёстой юм.
АНУ-ын эрх баригчдын шийдвэрийн хариуд ОХУ уг гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээ зогсоож байгааг тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин мөн өдөр мэдэгдсэн билээ. Тэрбээр мөн энэ асуудлаар хэлэлцээ хийх санал тавихгүй байхыг үүрэг болгоод Америкийн тал адил тэгш эрхтэй, утга агуулга бүхий яриа хэлэлцээ хийхэд бэлэн болох ёстой хэмээн цохон тэмдэглэжээ.
ЗХУ болон АНУ-ын хооронд байгуулсан гэрээнд ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Горбачев болон АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган 1987 оны 12 дугаар сарын 8-нд Вашингтон хотноо гарын үсэг зурж, 1988 оны зургадугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн байна. Уг гэрээнд ойрын /500-1000 км/ болон дунд /1000-5500 км/ тусгалтай пуужингуудыг устгах тухай заажээ. 1991 оны зургадугаар сар гэхэд хоёр орон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ЗХУ 1846, АНУ 846 пуужин устгасан байна.