Си Жиньпин ард иргэддээ Хаврын баярын мэндчилгээ дэвшүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-02-04 13:09:55

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын дарга Си Жиньпин ард иргэддээ, мөн Хонконг, Макао, Тайванийн нутаг нэгтнүүддээ Билгийн тооллоор удахгүй гарах гэж буй шинэ жилийн баяр Чуньзе буюу Хаврын баярын мэндчилгээ дэвшүүлжээ.


“Улиран одож буй онд бид багагүй хүчин чармайлт тавьж, олон ололт амжилтад хүрлээ” гэж Хятадын дарга Бээжин хот дахь Ардын их хурлын ордонд үг хэлэхдээ мэдэгдсэнийг "Синьхуа" агентлаг уламжилсан байна. Си Жиньпиний онцлон тэмдэглэснээр, Хятад улс “ядуурлыг арилгах, санхүүгийн эрсдэлд хяналт тавих болон байгаль орчны бохирдолтой тэмцэх” гэсэн “гурван гол зорилт тэмцлийг” хэрэгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт тавилаа.


“Улиран одож буй онд Хятадын нийгэм тогтвортой, хүмүүс амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай, аюулгүй байлаа. Шинэ ондоо бид өндөр чанартай хөгжлийг урагшуулах, “дээрх гурван тэмцэлд” тавих хүчин чармайлтаа үргэлжлүүлэх, тогтвортой өсөлтийг хангах, өөрчлөлт шинэчлэл, нээлттэй байдлын бодлогыг урагшлуулах, бүтцийн өөрчлөлтийг нэвтрүүлэх, мөн хүн амын амьжиргааны түвшнийг дээшлүүлэхийн тулд зохицуулалттай алхмуудыг хийх зайлшгүй шаардлагатай” гэж Хятадын удирдагч онцлон тэмдэглэжээ.


Си Жиньпин хэлсэн үгэндээ улиран одож буй оныг "гэр бүлийн хамт ширээний ард суух" цаг нь болсон урт ажлын өдөртэй  зүйрлэсэн байна. Тэрбээр гэр бүлийн харилцаа чухал болохыг онцлон дурдаад найз нөхөрлөлийн болон гэр бүлийн холбоогоо бэхжүүлэхийг ард иргэддээ хандан уриалжээ. Эцэст нь Си Жиньпин “ард түмний аз жаргалтай амьдрал, Хятад үндэстний агуу ирээдүйг бий болгохын тулд” хамтдаа шаргуу хөдөлмөрлөхийг ард иргэддээ уриалсан байна.


Билгийн тооллын шинэ жил хоёрдугаар сарын 4-нөөс 5-ны өдөр шилжих шөнө тохионо.


 


Связанные новости