“Шар хантаазтнууд” Европын Холбооны сонгуульд оролцоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМПАРИС. /Anadolu/. Европын Холбооны парламентын сонгуульд Францын “Шар хантаазтнууд” оролцохоор бэлтгэж байгаа тухай тус эсэргүүцлийн хөдөлгөөний Парис хот дахь зохицуулагч Тьерри Пол Валетт баасан гарагт мэдэгдэв.
Мэдээллийн “BFM” сувагт Т.Валеттын мэдээлснээр, “Шар хантаазтан иргэдийн холбоо” хэмээх хөдөлгөөнөөс нэр дэвших хүмүүсийн жагсаалтыг гаргаж, тавдугаар сарын 26-нд болох сонгуульд албан ёсоор оролцох хүсэлтэй байгаа ажээ. Мөн тэрбээр, "Бид илүү ардчилсан Европыг цогцлоохыг хүсч байна" гэж хэлсэн байна.
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 17-ноос хойш шар хантааз өмссөн олон мянган
иргэн Францын томоохон хотуудад цуглаж, шатахууны үнийн өсөлт болон эдийн
засгийн нөхцөл байдлыг эсэргүүцэн жагсаал цуглаан өрнүүлж байгаа билээ.
Францын Ерөнхийлөгч Эмманюэль
Макрон 12 дугаар сарын эхээр шатахууны татварын нэмэгдлийг цуцалж, нийгэм,
эдийн засгийн хямралыг зохицуулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх талаар
олон нийтэд танилцуулсан хэдий ч жагсаал цуглаан зогсоогүй юм.
“Шар хантаазтнууд”-ын жагсаалын үеэр наад зах нь 10 хүн амиа алдаж, 6 мянга
гаруй хүн баривчлагдаж, 2 мянга гаруй хүн гэмтэж бэртжээ.