Хэлэлцээ үр дүнд хүрэхгүй бол АНУ Хятадын барааны татварыг нэмнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-02-01 11:17:52

ВАШИНГТОН. /TASS/. Хэрэв Бээжин болон Вашингтоны хооронд хийж буй худалдааны хэлэлцээ гуравдугаар сарын 1 гэхэд “шаардлага хангасан үр дүнд” хүрэхгүй бол АНУ Хятадын бараа бүтээгдэхүүний гаалийн албан татварыг нэмнэ. Энэ тухай хоёр орны төлөөлөгчдийн Вашингтон хотноо хийсэн хэлэлцээний дараа нийтэлсэн Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.


Мэдэгдэлд цохон тэмдэглэснээр, “хэдийгээр ахиц дэвшил гарсан ч хийх ёстой зүйл их байна. Амин чухал асуудлаар Хятад улстай цаашид хийх хэлэлцээг АНУ тэсэн ядан хүлээж байна". Нэгдүгээр сарын 30, 31-нд АНУ болон Хятадын дээд албан тушаалын төлөөлөгчид “хоёр орны эдийн засгийн харилцааны асуудлаар эрчимтэй, үр бүтээлтэй хэлэлцээ хийлээ” гэж мэдэгдэлд дурдсан байна.


АНУ болон Хятадын хооронд хийж буй худалдааны ээлжит хэлэлцээ пүрэв гарагт дуусчээ. Уг хэлэлцээнд Хятадын Төрийн Зөвлөлийн дэд сайд Лю Хэ оролцсон байна. Харин Америкийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын Сангийн сайд Стивен Мнучин, Худалдааны сайд Уилбур Росс, Цагаан ордны Үндэсний эдийн засгийн зөвлөлийн дарга Лоуренс Кадлоу болон Цагаан ордны Худалдааны асуудал эрхэлсэн зөвлөлийн дарга Питер Наварро оржээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Си Жиньпин өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр Аргентинд болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр орны хооронд худалдааны гэрээ байгуулахад чиглэсэн алхмуудыг гурван сарын дотор хийхээр тохиролцсон юм. Цагаан ордны тэргүүн урьд нь төлөвлөж байсны дагуу нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Хятадын нийт 200 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүний гаалийн албан татварыг 10 хувиас 25 хувьд хүргэж нэмэгдүүлэх шийдвэрээ түр хойшлуулснаа мэдэгдсэн билээ. Худалдааны гэрээ байгуулах хугацаа гуравдугаар сарын 1-нд дуусгавар болох бөгөөд үр дүнд хүрч эс чадах аваас татвар нэмэгдэнэ. 


Связанные новости