АНУ-БНАСАУ-ын удирдагчид энэ сард уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-02-01 09:45:46

ВАШИНГТОН. /Washington Post/. Ирэх мягмар гарагт Улс орны нөхцөл байдлын талаархи илтгэл тавих үеэрээ БНАСАУ-ын удирдагчтай хийх хоёр дахь дээд хэмжээний уулзалт болох газар болон өдрийг хэлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэв.


Пүрэв гарагт Д.Трамп сэтгүүлчдэд хэлэхдээ, дээд хэмжээний уулзалт хоёрдугаар сарын эцсээр болно гэжээ. Харин уулзалт болох газар, өдрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг лавлахад, Улс орны нөхцөл байдлын талаархи илтгэлийн үеэр энэ тухай олон нийтэд танилцуулна гэж хариулжээ.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн лхагва гарагт мэдээлснээр, хоёр орны удирдагчдын дээд хэмжээний уулзалт Азийн аль нэг улсад болох ба боломжит улсуудын нэг нь Вьетнам хэмээн тооцогдож байгаа аж.


БНАСАУ-ын асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигун энэ долоо хоногийн ням гарагт БНСУ-д айлчлахаар төлөвлөж байгаа юм. Мөн тэрбээр БНАСАУ-ын төлөөлөгчидтэй уулзаж, тус улсыг цөмийн зэвсгээс ангижруулахад чиглэсэн бодит алхмуудын талаар хэлэлцэх ажээ. 

Связанные новости