Бангкокт агаарын бохирдлын улмаас сургуулиудыг түр хаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНБАНГКОК. /NHK/. Агаарын бохирдлын улмаас Таиландын нийслэл Бангкок хотын 437 сургууль, цэцэрлэгийг лхагва гарагаас баасан гараг хүртэл түр хаахад хүрлээ гэж тус улсын Засгийн газар мэдэгдэв.
Тус хотод “PM 2.5” буюу нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ сүүлийн долоо хоногт аюултай, өндөр түвшинд хүрсэн учраас ийм шийдвэр гаргажээ.
Агаарын бохирдлын хяналтын газрын мэдээлснээр, Бангкок хотын агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ тогтоосон аюулгүйн түвшинээс давсан байна.
Хуурайшилт болон үйлдвэр, автомашинуудаас ялгарах утаа агаарын бохирдлын хэмжээг улам бүр нэмэгдүүлж байгаа тухай мэдээлэлд дурджээ.