Мэн Ваньжоуг шилжүүлэн авах албан ёсны хүсэлт гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-01-30 09:59:59

ВАШИНГТОН. /NHK/. БНХАУ-ын мэдээллийн технологийн “Huawei” компанийн санхүү хариуцсан захирлыг шилжүүлэн авах албаны ёсны хүсэлтийг АНУ-ын Засгийн газар гаргасан байна.


Даваа гарагт “Huawei” компанийг хэд хэдэн хэрэгт буруутгаж, тэдгээрийн хоёрт нь Мэн Ваньжоу холбоотой тухай мэдэгдлийг АНУ-ын Хууль зүйн яамнаас хийсний дараа дээрх хүсэлтийг гаргажээ. М.Ваньжоуг Ираны эсрэг авсан АНУ-ын хориг арга хэмжээг зөрчсөн санхүүгийн гүйлгээ хийхэд оролцсон хэмээн буруутгаж байгаа аж.  


Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Канадад байгаа бөгөөд түүнийг өнгөрсөн сарын эхээр АНУ-ын хүсэлтээр Канадын хууль сахиулагчид баривчилсан билээ. Энэ явдлаас хэд хоногийн дараа гадаад паспортоо хураалгах нөхцөлтэйгээр батлан даалтаар суллагдсан юм.


М.Ваньжоуг шилжүүлэн өгөх эсэхийг одоо Канадын шүүх шийдэх ба үүний дараа тус улсын Хууль зүйн сайд эцсийн шийдвэрийг гаргах ажээ.


Лхагва гарагт АНУ-БНХАУ-ын сайдын түвшний худалдааны хэлэлцээ болох гэж буй энэ үед тус хоёр улсын харилцааны хурцадмал байдал өсөн нэмэгдсээр байгаа юм.


Huawei” компанийн хэрэг болон худалдааны хэлэлцээ бол тусдаа асуудал хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны төлөөлөгчид хэлжээ. Гэсэн хэдий ч М.Ваньжоуд ял тулгаж, шилжүүлэн авахаар төлөвлөж буйг БНХАУ-ын Гадаад хэргийн яам хүчтэй шүүмжилсээр байгаа билээ. 

Связанные новости