АНУ Венесуэл дахь Элчин сайдын яамны зарим ажилтнаа эргүүлэн татаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-25 11:36:49

ВАШИНГТОН. /ТАСС/. Манай улс Каракас дахь Элчин сайдын яамнаасаа онцгой байдлын үед ажиллах үүрэг хүлээгээгүй зарим дипломат ажилтнаа эргүүлэн татаж байгаа хэдий ч Дипломат төлөөлөгчийн газар урьдын хэвээр үйл ажиллагаагаа явуулсаар байх болно гэж АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгч мэдэгдсэн байна.


“Онцгой байдлын үед ажиллах үүрэг хүлээгээгүй төрийн албан хаагчид хийгээд Каракас дахь АНУ-ын Элчин сайдын яаманд байрлаж буй тэдний гэр бүлийн гишүүдийг эргүүлэн татахыг Төрийн Департамент өнгөрсөн 12 дугаар сарын 24-нд үүрэг болгосон. Венесуэлийн аюулгүй байдалтай холбоотой нөхцөл байдлын улмаас ийм арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Дипломат төлөөлөгчийн газраа хаах төлөвлөгөө АНУ-д байхгүй” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Төрийн Департаментын дипломат аюулгүй байдлын асуудал эрхэлсэн газар Венесуэлд оршин суугаа Америкийн иргэд болон жуулчдад өмнө нь Венесуэлийг орхин явахыг зөвлөж байжээ. 


Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийгөө түр Ерөнхийлөгчөөр энэ сарын 23-нд зарласан юм. Венесуэлийн одоогийн төрийн тэргүүн Николас Мадуро энэ явдлыг төрийн эргэлт хийхийг завдаж байна гэж үзэж байгааагаа мэдэгдэхийн сацуу АНУ-тай дипломат харилцаагаа тасалж байгаа тухайгаа мэдэгдсэн юм. 

Связанные новости