Сүм хийдийн байгууллагад галын аюулын 739 зөрчил илэрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ сар шинийн баярыг тохиолдуулан сүм хийдийн байгууллагуудад хяналт шалгалт хийв. Шалгалтаар илэрсэн 739 зөрчлийн 25.9 хувийг газар дээр нь арилгаж, ажилласан байна.
Сар шинийн баярын өдрүүдэд монголчууд сүм хийдийн байгууллагуудад олноор цуглаж идээний дээдийг өргөж, зул хүжээ бадамлуулдаг уламжлалтай. Тиймээс тус газруудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөт бус шалгалтыг энэ сарын 01-24-нд хийжээ.
Шалгалтад нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийд, шашны 78 байгууллагыг хамруулж, галын аюулгүйн норм дүрэм, стандарт зөрчсөн зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдлийг хүргүүллээ.
Мөн энэ хугацаанд дээрх байгууллагуудын 1160 гаруй хүнд Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм дүрэм, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч, галын аюулгүй байдлыг хангах, хариуцлагатай жижүүрийг томилж, хяналт тавьж ажиллахыг анхааруулжээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.