Венесуэлийн парламент түр Засгийн газар байгуулах хуулийн төслийг хэлэлцэж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРРИО-ДЕ-ЖАНЕЙРО. /AP/. Венесуэлд шилжилтийн Засгийн газар байгуулах тухай хуулийн төслийг сөрөг хүчний хяналтад байдаг Үндэсний ассамблей /нэг танхимтай парламент/ хэлэлцэж байгаа тухай мэдэгджээ. Ийм мэдэгдлийг парламентын дарга Хуан Гуайдо Бразилын “Globo” сонинд ярилцлага өгөх үеэрээ хийсэн байна. Ярилцлагыг пүрэв гарагт тус сонины цахим хуудсанд нийтэлжээ.
“Венесуэлд урьд өмнө нь хэзээ ч байгаагүй шилжилтийн үеийн Засгийн газар байгуулах үйл явцыг эхлүүлэх боломж олгосон хуулийг бид хэлэлцэж байгаа бөгөөд хэд хэдэн салбарын оролцоотойгоор хэрэгжүүлэх ёстой. Үндэсний эв нэгдлийн Засгийн газар эмхлэн байгуулах ажлыг бид урагш ахиулж, үр дүнд нь чөлөөт, ардчилсан сонгууль явуулах боломжийг бий болгох хэрэгтэй” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Шилжилтийн Засгийн газар байгуулахад хэн оролцох вэ? гэдэг асуултад хариулахдаа тэрбээр бүгдийг нь хуульд тусгана гэж онцлон тэмдэглэжээ. Венесуэлийн парламентын дарга мөн тус улсын Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэх эсэхээ одоогоор шийдээгүй байгаа гэдгийг дурдсан байна. “Энэ асуудал янз бүрийн салбарынхантай хийх хэлэлцээний үр дүнгээс хамаарна. Энд урьд өмнө байгаагүй нөхцөл байдлын тухай яригдаж байгаа гэдгийг дахин хэлэхийг хүсч байна” гэж тэрбээр хэлжээ. Венесуэлийн Үндсэн хуулийн дагуу төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэх боломжтой гэж Гуайдо өмнө нь мэдэгдсэн бөгөөд нэгдүгээр сарын 23-нд зохион байгуулах эсэргүүцлийн ажиллагаанд нэгдэхийг ард иргэддээ уриалжээ.
Николас Мадурог Ерөнхийлөгчийн албан тушаалд улиран сонгогдож тангараг өргөсөнтэй нь холбогдуулан түүнийг төрийн эрхийг хууль бусаар булаан авсан гэж зарласан хуулийг Венесуэлийн парламент мягмар гарагт баталсан байна. Ийм арга хэмжээ нь Мадурогийн бүх үйл ажиллагааг хуулиар хүчингүй болгоно гэсэн үг юм. Үүнээс гадна, Мадурогийн Засгийн газрын гадаадын банкууд дахь дансанд нэвтрэх боломжийг хаахыг Үндэсний ассамблей 46 улсад хандан уриалжээ.
Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Мадуро нэгдүгээр сарын 10-нд тангаргаа өргөсөн билээ. Тэрбээр 2015 оны 12 дугаар сараас хойш улс төрийн сөрөг хүчний хяналтад байгаа парламентад бус Дээд шүүхэд тангараг өргөсөн юм. Бразил болон Латин Америкийн өөр 11 улс Мадурогийн шинэ бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн.