Тунист төрийн албан хаагчид ажил хаялт зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-01-18 14:37:11

ТУНИС. /CBC/. Пүрэв гарагт Тунисын төрийн албан хаагчид цалин нэмэгдүүлэхийг шаардан улс даяар ажил хаялт зарласан байна. Энэ тухай тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.


Эмнэлгийн яаралтай тусламжийн албаны ажилтнуудаас бусад 670 мянга орчим албан хаагч орон нутгийн цагаар өглөөний 10 цагаас эхлэн бүх өдрийн турш ажил хаялт зарлаж, нийслэл Тунис хотын гудамжуудаар жагссан байна. Жагсагчдын зарим нь Засгийн газрыг огцрохыг уриалж байжээ.


Тунисын төрийн албаны ажилтан, албан хаагчид өнгөрсөн оны 11 дүгээр сард мөн үүнтэй ижил ажил хаялт зарлаж байсан хэдий ч Засгийн газар тэдний шаардлагыг биелүүлээгүйн улмаас дахин ажил хаялт зарласан нь энэ ажээ.


Эдийн засгийн хямралыг даван гарахад Олон улсын валютын сан туслалцаа үзүүлж буйтай холбогдуулан Тунисын Засгийн газар төсвийн зарлага өсөхөөс сэргийлж байгаа юм байна. 

Связанные новости